Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудын хэвлэлийн мэдээМОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХООРОНД ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫГ ХАМГААЛАХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ БОЛОВ

МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХООРОНД ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫГ ХАМГААЛАХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ БОЛОВ

Монгол Улс, Европын Холбоо хооронд байгуулах газар зүйн заалтын хэлэлцээрийн яриа хэлэлцээ Бельги Улсын Брюссель хотноо 2024 оны 04 дүгээр сарын 29-30 өдрүүдэд болов.

Хэлэлцээг манай талаас Гадаад харилцааны яам, Оюуны өмчийн газар, ЕХ-ны талаас тус холбооны Ази, Австралийн хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн ерөнхий газар хамтран явуулав. Хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, ЕХ-ны газар зүйн заалтын тухай хууль тогтоомж, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай эрх зүйн орчны шинэчлэлийн асуудлаар санал солилцов.

Мөн хэлэлцээрийн төслийг заалт бүрээр хэлэлцэж, газар зүйн заалтын хамгаалалтад оруулах зарим бараа бүтээгдэхүүний жагсаалтыг солилцохоор тохирлоо. ЕХ-оос газар зүйн заалтын хэлэлцээрийн ач холбогдлыг олон нийт, аж ахуйн нэгжид таниулах, Монгол Улсаас Европын зах зээлийн газар зүйн хамгаалалтад оруулах боломжтой бараа бүтээгдэхүүнийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Газар зүйн заалтын хэлэлцээр нь Монгол Улсын Засгийн газраас экспортыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого санаачилгын хүрээнд хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус бүтээгдэхүүний гарал үүслийг газар зүйн заалтаар тодорхойлон Европын зах зээлд бүртгүүлж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.