Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД ИБУИНХУ-ЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН БАРААЛХАВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД ИБУИНХУ-ЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН БАРААЛХАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн .Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав.

Талууд Монгол, Британийн найрсаг харилцааны түвшинг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх суурь тавигдсанд баяртай байгаагаа илэрхийлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчноо хамгаалах, цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэртэй байдлыг хангах, органик хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

Талууд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл хэрэгжүүлэхийн чухлыг онцолж, энэ чиглэлээрх санал, санаачилгыг дэмжихээ нотлов.

Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон 2010-2015 онд Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Хоёр улс 60 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ удаагийн айлчлал Британийн Гадаад хэргийн сайдын түвшинд 11 жилийн дараа болж байгаа юм.

Айлчлалын үеэр “Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хоорондын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглал”-д  сайд Б.Батцэцэг, Дэвид Камерон нар гарын үсэг зурсан байна.

Мөн ховор металл, геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтрах тухай баримт бичигт холбогдох яам, агентлагын удирдлагууд гарын үсэг зуржээ.