Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тус улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Пүмтам Вечаячай-тай уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад баяртай буйгаа илэрхийлж, цаашид бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Талууд Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд 2022 онд байгуулсан Худалдааны хамтарсан хорооны механизмыг төгөлдөржүүлэх, энэ онд тус хорооны хоёрдугаар хуралдааныг Бангкок хотноо зохион байгуулах талаар санал нэгдэв. Мөн “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт тус тус хүргэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаа нотлов.

Мөн хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх, “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх” болон “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тус тус ойрын хугацаанд эцэслэн тохирч, байгуулахаар тогтов.

 Түүнчлэн Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Тайландын Хөдөө аж ахуй, хоршооллын яам хооронд ойрын хугацаанд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар ажиллаж буйг талууд сайшааж, цаашид мал эмнэлгийн байгууллага хооронд хамтран ажиллах баримт бичиг байгуулах замаар мал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, халал мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв.

Тайландын талаас энэ онд зохион байгуулахаар төлөвлөж буй Тайландын тээвэр логистик болон хүнс, хүнсний бүтээгдэхүүний томоохон үзэсгэлэн, худалдаанд монголын бизнес, аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урив. Мөн хэтдээ Тайландын худалдааны төлөөлөгчийн газрыг Монгол Улсад нээх асуудлыг нааштай судлан үзэхээ илэрхийлэв.

 Сүүлийн жилүүдэд хоёр улсын иргэдийн солилцоо улам бүр эрчимжиж байгааг талууд тэмдэглээд хоёр улс аялал жуулчлал, тээвэр, логистик, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, түүний дотор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур операторууд, хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, нягт хамтран ажиллахаар тохиров.