Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГХЯ-НЫ ХАМТ ОЛОН МАЛЧДАД ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ХҮРГЭВ

ГХЯ-НЫ ХАМТ ОЛОН МАЛЧДАД ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ХҮРГЭВ

Монгол Улсад тулгарч буй зудын бэрхшээлийг даван туулах, хаваржилт хүндэрсэн орон нутгийн малчдад тусламж үзүүлэх зорилгоор Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачилсан “Малчдадаа тусалъя” аянд Гадаад харилцааны яам болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивласан.

 Уг хандиваар 100 малчин өрхөд хүнс болон малын тэжээлийн багц бэлтгэсэн бөгөөд Гадаад харилцааны яам болон Монголын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөл Булган аймгийн Баяннуур, Гурванбулаг сумын малчин өрхөд гардуулан өгөв.

 Булган аймгийн Баяннуур, Гурванбулаг суманд өвөлжилт хүндэрч, “цагаан” болон “шилэн” зуд нүүрлэсэн бөгөөд 100 гаруй мянган мал хорогдсон. Хүмүүнлэгийн тусламжаар олгосон малын тэжээлийн багцад орсон ашигт долооц, амин тос, туурай болон нүдний тос, загасны тос зэрэг нь туйлдаж ядарсан малыг тэнхрүүлэх, шим тэжээлээр хангахад ихээхэн дэмтэй болохыг малчид онцолж байв.