Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Швейцарын Холбооны Улс (ШХУ)-ад ажиллах үеэр Женевт төвтэй олон улсын зарим байгууллагын удирдлагуудтай уулзав.

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Ерөнхий захирлын орлогч Жан Сянчен-тай хийсэн уулзалтаар өнгөрсөн 2 дугаар сард АНЭУ-ын Абу Даби хотноо хуралдсан Дэлхийн худалдааны байгууллагын Сайд нарын 13 дугаар бага хурлын дүн, олон талт худалдааны бодлого, энэ хүрээнд өрнөж буй цаг үеийн асуудал, Монгол Улс, ДХБ-ын хооронд хөгжүүлж буй хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал мэдээлэл солилцлоо. Түүнчлэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй онцлог бүхий сорилтууд, тэдгээрийг даван туулах чиглэлээр хамтран судалгаа хийх, түүний дотор Улаанбаатарт төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвтэй хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Олон Улсын Улаан Загалмайн хороо (ОУУЗХ)-ны Ерөнхийлөгч Мирьяана Эггертэй уулзаж, тус байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагаа, дэлхий дахинд өрнөж буй үйл явдал, олон улсын хүмүүнлэгийн тусламж зэрэг асуудлаар мөн ярилцав. ОУУЗХ-ны Ерөнхийлөгч Монгол Улсад болсон зудын гамшгийн талаар сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж, Монгол Улстай боломжит бүхий л чиглэлээр хамтран ажиллахаа нотлов.