Монгол орны ихэнх нутагт хаваржилт хүндэрч, зудын нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан Монголын Улаан загалмай нийгэмлэгээс “Малчдад туслах” сайн дурын хандивын аяныг зохион байгуулсан бөгөөд тус аянд Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Монгол Улсын Соёлын элч нар нэгдлээ.
Цас зудын улмаас байгалийн хүнд нөхцөлд байгаа малчин түмэндээ цаг зуурын энэ бэрхшээлийг даван туулахад бага ч болов дэм болж, тусламжийн гараа сунгах хүмүүнлэгийн үйлсэд хамт олноороо нэгдэж, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж байгаа нийт албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлав.
Энэхүү аяны хандивыг 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Түншлэл нөөц хөгжүүлэх газрын дарга Б.Туяацэцэгт гардуулан өгөв.
Мөн 2 дугаар сарын 27-ны өдөр яамны төв аппарат болон хилийн чанадад суугаа зарим Дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж байгаа ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивласан юм.