Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Э.БЛИНКЕН-ТЭЙ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Э.БЛИНКЕН-ТЭЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен-тэй уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 8 дугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнгээр хоёр улсын харилцааг “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-д хүргэн, бэхжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа нотлов.

Талууд цаашид хоёр улсын хооронд байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, энэ ондоо багтаан Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахаар тогтлоо.

Америкийн тал өнгөрсөн хугацаанд Энх тайвны корпусын хүрээнд хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд англи хэл заах хөтөлбөр, түүний үйл ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн талууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг онцолж, энэ онд мөн харилцан айлчлалын давтамжийг хадгалан ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.