Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудын хэвлэлийн мэдээДалайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хуралдаан Нью-Йорк хотноо амжилттай өндөрлөв

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хуралдаан Нью-Йорк хотноо амжилттай өндөрлөв

Руанда Улсын Кигали хотноо 2024 оны 6 дугаар сард болох Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны анхны хуралдаан Нью-Йорк хотноо энэ 2 дугаар сарын 5- 8-ны өдрүүдэд болов.

Хуралдааныг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд болон Австри Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч А.Маршик нар даргалав.

Хуралдааны ерөнхий хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Р.Фатима бага хурлын бэлтгэл ажлын явцыг танилцуулсны зэрэгцээ гишүүн улс, НҮБ-ын системийн болон олон улсын бусад байгууллагын 60 гаруй төлөөлөгч үг хэлж, Кигали хотноо болох бага хурлын ач холбогдол, ДГХБО-ын тогтвортой хөгжилд үзүүлэх хувь нэмрийн талаар санал солилцов.

Хуралдааны үеэр болсон ДГХБО-ын хөгжлийн ирэх 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэгт гишүүн улсуудын төлөөлөгчид идэвхтэй оролцож, төгсгөлийн баримт бичигт тусгах санал, байр сууриа илэрхийлэв.

ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хоёрдугаар хуралдаан энэ оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд болох ба энэ үеэр бага хурлын төгсгөлийн баримт бичгийн албан бус хэлэлцүүлэг үргэлжилнэ.