Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, золголт хийв.
Монгол үндэстний уламжлалт баяр “Цагаан сар” нь төрт ёс, тусгаар тогтнолын бэлгэдэл, өв соёл, оюун санааны дархлаа бөгөөд уламжлалт зан заншлаа гадаад улсаас манай улсад суугаа ДТГ-ын тэргүүн нарт сурталчлан таниулахын зэрэгцээ өөрийн өв соёлоороо дамжуулан эв нэгдлийн бэлгэдэл болгож сар шинийн золголт зохион байгуулав.
Арга хэмжээний үеэр үндэсний язгуур урлаг, ястан үндэстний хувцас, гоёл, чимэг хэрэгсэл, тоглоом наадгай, бичиг үсэг, дуу, бүжгийн соёлыг танилцуулав.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан:
Монголд байх хугацаандаа та бүхэнтэй Цагаан сарын баярыг хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Ялангуяа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр биднийг хүлээн авч, нэгэн гэр бүл болж Цагаан сараа хамтдаа тэмдэглэж байгаа нь эв санааны нэгдлийг харуулж байгаагаараа онцлог юм. Энэ нь гэр бүл, төрөл төрөгсдөөрөө нэгдэж, тэмдэглэж ирсэн Цагаан сарын уламжлалыг мөн харуулж байна гэж ойлгож байна. Өнөөдөр надаас гадна хүн бүр өнгөлөг сайхан дээлээрээ гангарч ирснийг харахад сайхан байна. Та бүхэнд Цагаан сарын мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюань:
Анх удаа Цагаан сарын баярыг Монголд тэмдэглэж байгаадаа баяртай байна. Ялангуяа, энэ онд Монгол, Хятадын цагаан сар давхцаж байгаа нь бүр ч олзуурхууштай юм. Энэхүү Модон луу жил нь манай хоёр орны ард түмэн, хоёр улсын харилцаанд өлзийтэй сайн байна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд Цагаан сарын мэндийг дэвшүүлэхийн хамт сайхан шинэлээрэй хэмээн хүсье.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган:
Хоёр дахь удаагаа Цагаан сарын баярыг тэмдэглэж байна. Энэхүү баяраар дамжуулан Монголын ёс заншил, үнэт зүйлсийг ойлгон суралцаж байгаадаа хувьдаа талархаж байдаг. Гэр бүлийн гишүүд халуун бүлээрээ цугларч, амттай бууз, хоолоо хамтдаа хийж, баяр баяслаар дүүрэн сар шинээ угтдаг нь сайхан санагддаг. Монголчуудын зочломтгой, халуун дулаан занг цаг ямагт мэдэрч ирсэн бол Цагаан сараар улам их мэдэрч байна. Та бүхэн сайхан шинэлээрэй.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара:
Цагаан сарыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхээр биднийг урьсанд Гадаад харилцааны сайдад баярлалаа. Монголд ирээд төдийлөн удаагүй байгаа тул гэргий бид хоёр анх удаа Цагаан сарын баярын тэмдэглэлт үйл, ёс заншил зэргээс суралцаж байна. Ялангуяа, өнөөдрийн арга хэмжээнээс их зүйлийг мэдэж авсандаа баяртай байна. Цагаан сараар олон Монгол айлд зочилж, гэр бүлээрээ хамтдаа хэрхэн энэ сайхан баярыг тэмдэглэдэг болохыг мэдэж авсан. Мөн биднийг найрсгаар хүлээн авч зочилсонд сэтгэл их хөдөллөө. Би хараахан Монгол хэл сурч авжаагүй байгаа. Дараа жилийн Цагаан сар гэхэд Монгол хэлээ сайжруулж, монголчуудтай илүү ойр дотно ярилцана гэж бодож байна.
ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Элизабет Блайт:
Цагаан сарын мэндийг дэвшүүлье. Миний хувьд анх удаагаа Цагаан сар тэмдэглэж байна. Британийн ард түмний өмнөөс Монголчууддаа сар шинийн мэндийг дэвшүүлж, ирж буй модон луу жилдээ бүгд аз жаргалтай байхыг ерөөе. Миний бие Цагаан сарын баяраар дамжуулан Монголчуудын уламжлалт баяр, зан заншил, зочлох хүндлэх ёс зэргийг суралцаж байгаадаа туйлын их баяртай байна. Ирж буй Модон луу жил Монгол Улс өлзийтэй сайн байж, энх тунх, хөгжил дэвшлийг дуудсан ерөөлтэй сайхан жил болно гэдэгт илтгэлтэй байна. Энэхүү бэлэг дэмбэрэлтэй модон Луу жилийг та бүхэнтэй хамтдаа туулахдаа таатай байх болно.