Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг энэ 2 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол-Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчтэй өрнөж байгааг тэмдэглэж, түүнийг улам бүр урагшлуулах, харилцааны түвшин ахиулах, дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал хэрэгжүүлэхэд Элчин сайд Фиона Блайт хичээл зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хоёр орны харилцааны түүхэн 60 жилийн ойг өнгөрсөн жил хоёр тал хамтран амжилттай тэмдэглэснийг Элчин сайд Фиона Блайт дурдаж, харилцааг улам бүр тэлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.
Элчин сайд Фиона Блайт Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргын алба, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, НҮБ-ын дэргэд суугаа Британийн байнгын төлөөлөгчийн газар, Сомали дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт тус тус ажиллаж байсан туршлагатай.