Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМонгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын тус улсад хэрэгжүүлж буй төрийн айлчлалын хүрээнд 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр дараах баримт бичгийг байгуулав. Үүнд:

“Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Стратегийн түншлэлийн тухай хамтарсан тунхаглал”-д Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Холбооны Гадаад хэргийн яамны Төрийн сайд Тобиас Линднер нар гарын үсэг зурлаа.

Хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай баримт бичгийг 2008 онд байгуулсан. Хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ойгоор буюу ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааны түвшнийг шат ахиуллаа. ХБНГУ нь манай улсын хувьд Европ тив дэх хамгийн өргөн харилцаатай “Гуравдагч хөрш”. Тиймээс стратегийн түншлэл байгуулсан Европын орнуудаас анхдагч нь Герман Улс болж байна.

“Автозамаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар талууд улс хоорондын тээвэрлэлтийг дэмжиж, харилцан уялдаатай, хөнгөвчилсөн нөхцөлөөр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн төрлүүдийн уялдаа холбоог хангасан, нэгдсэн зохицуулалтыг бий болгоно. Түүнчлэн, хоёр улсын хооронд ТИР конвенцын хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэж, улмаар худалдаа, тээвэр, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ.

“Монгол-Германы Хархорум экспедиц болон Монгол-Германы Орхон экспедицийн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх тухай Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, ХБНГУ-ын Археологийн хүрээлэн хоорондын тохиролцоо”-нд Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, проф. др. Дүгэрийн Рэгдэл, Монгол Улсын Их Сургуулийн ректор проф. др. Дэндэвийн Бадарч, Археологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, проф. др. Фридерике Флесс нар гарын үсэг зурлаа.

Орхоны хөндий дэх Монгол-Германы хамтарсан археологийн судалгаа 1998 онд хоёр улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Р.Херцог нарын ивээл дор эхэлсэн. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон Германы Археологийн хүрээлэн нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монголын эртний нийслэл Хархорум, түүний ойр орчмын нутаг дэвсгэрийг судлах эрдэм шинжилгээний хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэхүү тохиролцоогоор Талууд түүхэн дурсгалын байр зүйн зураг боловсруулах, хот, түүний ойр орчмын байршилд малтлага хийх, малтлагын олдворыг судлах, хэвлэх, олон нийтэд хүргэх, монгол, герман, англи хэлээр тайлбар гаргах, телевизийн бүтээл, үзэсгэлэн гаргах зэрэг чиглэлээрх хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ. МУИС нь 2015 оноос түнш байгууллагаар хамтран ажиллаж байна.

“Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон ХБНГУ-ын Пруссийн соёлын өвийн сангийн харьяа Берлин дэх Үндэсний музейн нэгдлийн Өвөг ба эртний түүхийн музей хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Соёл, урлагийн газрын дарга Намчины Мөнхзул, ХБНГУ-ын Өвөг ба эртний түүхийн музейн захирал, проф. др. Маттиас Вемхофф нар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгээр Талууд хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор хэрэгжиж буй “Хархорум”, “Орхон” археологийн малтлага, судалгааны экспедицийн ажлын үр дүнг олон улсад толилуулах зорилгоор “Чингис хаан”, “Монголын Эзэнт гүрэн”-ий үеийн түүхийг илтгэн харуулсан биет үзэсгэлэнг 2026-2027 онд ХБНГУ-ын Берлин, Бонн хотноо хамтран гаргах асуудлаар хамтран ажиллахаар тогтов. Ингэснээр Монгол Улсыг гадаадад сурталчлах, түүх, соёл, уламжлалаа таниулах, манай улсыг зорих европын аялагч, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох юм. 2005 онд Бонн хотноо дээрх төслийн хүрээнд “Чингис хаан ба түүний өв залгамжлагчид” үзэсгэлэнг гаргаж байв.

“Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр”-т Боловсрол, шинжлэх ухааны сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Зүүн Азийн бүсийн захирал Торстен Гийлэр нар гарын үсэг зурлаа.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийг хоёр улсын Засгийн газрын санаачилгаар 2013 онд үүсгэн байгуулсан. Дээрх хэлэлцээрээр ХБНГУ-ын болон олон улсын, үндэсний дээд боловсролын байгууллагатай нягт хамтран ажиллаж, олон улсын стандартад нийцсэн, туршлагад суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мөн шинжлэх ухааны шинэ мэдлэг, туршлага олгох үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломж бүрдлээ. Хэлэлцээрт зааснаар ХБНГУ-ын Засгийн газраас уг төслөөр 4 сая еврогийн санхүүжилтийг олгоно.

“Шүүх, эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр”-т Хууль зүй, дотоод хэргийн сайд Баттөмөрийн Энхбаяр, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Зүүн Азийн бүсийн захирал Торстен Гийлэр нар гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн хүрээнд 2024-2026 оны хугацаанд “Just transition” төслийг хэрэгжүүлэх бөгөөд уг төсөл нь эрх зүйн зөвлөгөө өгөх, шүүх эрх мэдлийн байгууллагын чадавхыг сайжруулах замаар иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх хуулийн байгууллагын үйл ажиллагааны хүртээмжийг дээшлүүлэхэд оршино.
Түүнчлэн, хуулийн төсөл боловсруулах, зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн программ болон хууль зүй, дотоод хэргийн салбарын санхүү, нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийг хөгжүүлж үйл ажиллагаанд эерэг өөрчлөлтийг бий болгоно.

“Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь II төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр”-т Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Зүүн Азийн бүсийн захирал Торстен Гийлэр нар гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлэх тогтвортой, жендерийн мэдрэмжтэй менежментийг нэвтрүүлэх суурь нөхцөлийг сайжруулах чиглэлээр Талууд үргэлжлүүлэн хамтран ажиллах нөхцөл бүрдлээ. ХБНГУ-ын Засгийн газар 6 сая еврогийн санхүүжилт олгох бөгөөд уг төсөл нь 2024.03.01-2028.02.28-ний хооронд хэрэгжихээр төлөвлөсөн.

“Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих нь II төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр”-т Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Идэшийн Батхүү, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Зүүн Азийн бүсийн захирал Торстен Гийлэр нар гарын үсэг зурлаа.

Эл төсөл нь уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд чиглэсэн хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих үйлчилгээг сайжруулах замаар эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлж, урт хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, Монгол Улсад ажлын байр шинээр бий болгоход хувь нэмэр оруулах зорилготой.

“Монгол Улсад тогтвортой эрчим хүчийг хөгжүүлэхэд шаардлагатай чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр”-т Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Нансалын Тавинбэх, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Зүүн Азийн бүсийн захирал Торстен Гийлэр нар гарын үсэг зурлаа.

Эрчим хүчний салбарын мэргэжилтнийг бэлтгэх, сургах, дадлагажуулах, инженер техникийн ажилтныг бэлтгэх, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, сургагч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн 2 сая хүртэлх еврогийн санхүүжилттэй төсөл аж. Төслийг 2024-2025 оны хугацаанд хэрэгжүүлнэ.

“Монгол Улсын Удирдлагын академи, ХБНГУ-ын Потсдамын Их сургуулийн дэргэдэх “UP Transfer” хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Удирдлагын академийн захирал, проф. др. Дуламсүрэнгийн Сүрэнчимэг, Потсдамын их сургуулийн дэргэдэх “UP трансфер”-ийн захирал, проф. др. Андреас Бохлен нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Удирдлагын Академийн Удирдахуйн ухааны сургууль, Потсдамын Их сургуулийн Эдийн засаг, нийгмийн шинжлэх ухааны факультеттэй хамтран зэргийн сургалтад ахисан түвшний магистрын хөтөлбөр “Төрийн бодлого судлал”-ыг (Master of Public Policy)-ийг хэрэгжүүлэхээр боллоо.

“Монгол Улсын Их Сургуулийн Археологийн судалгааны төв, ХБНГУ-ын Бонн дахь Рейний Фридрих-Вильгельмийн их сургуулийн Өвөг ба түрүү түүхэн археологийн хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд Монгол Улсын Их сургуулийн ректор, проф. др. Дэндэвийн Бадарч, ХБНГУ-ын Бонны Их сургуулийн Өвөг ба түрүү түүхэн археологийн хүрээлэнгийн захирал, проф. др. Ян Бэмманн нар гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээний хүрээнд Талууд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх өвөг ба түрүү түүхэн үеийн археологийн дурсгалт газруудад болон Монголын эртний нийслэл Хархорум ба Орхоны хөндийн дунд урсгал дагуу газарт хайгуул, хөрсний судалгаа, дурсгалын малтлагыг явуулж, мөн ХБНГУ-ын Боннын их сургуульд монголын археологийн салбарын эрдэмтэн, судлаачдыг зочин судлаачаар ажиллах болон магистр, докторын зэрэг хамгаалахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.