Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээДОМИНИКАН УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД С.ЗОЛЖАРГАЛ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙНХЭЭ ХУВИЙГ ГАРДУУЛАВ

ДОМИНИКАН УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД С.ЗОЛЖАРГАЛ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙНХЭЭ ХУВИЙГ ГАРДУУЛАВ

Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэсээрийн Золжаргал 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Доминиканы Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн дэд сайд Хосе Хулио Гомезт Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.

Цахим хэлбэрээр болсон уг арга хэмжээний үеэр Элчин сайд С.Золжаргал Доминиканы Бүгд Найрамдах Улсад хавсран суух Монгол Улсын анхны Элчин сайд болж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглээд энэ нь Монгол Улсын Засгийн газраас хоёр талын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэдгийг онцолж, хоёр орны харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Дэд сайд Хосе Гомез Элчин сайд С.Золжаргалд Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулж, үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, амжилт хүсээд шинэ тутам хөгжиж буй Монгол, Доминиканы хамтын ажиллагааг харилцан ашигтай салбаруудад хөгжүүлэхэд Гадаад хэргийн яамны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа нотлов.