Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өдрийг тохиолдуулан 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Берлин хотноо хүндэтгэлийн арга хэмжээ болов.
ХБНГУ-ын Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимчид хоёр улсын Төрийн дууллыг эгшиглүүлснээр хүндэтгэлийн арга хэмжээ эхэлж, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг, ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн дэд сайд Тобиас Линднер нар зочдод хандан мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад энэ оны 2 дугаар сарын 6-8-нд Төрийн айлчлал хийхийг Элчин сайд Б.Мандахбилэг албан ёсоор зарлав. Холбооны Гадаад хэргийн дэд сайд Т.Линднер энэхүү айлчлалын онцлогийг дурдсаны зэрэгцээ айлчлалын бүрэлдэхүүнд багтан Монгол Улсад очихдоо баяртай буйгаа илэрхийлэв.
Элчин сайд Б.Мандахбилэг Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркийг танилцуулж, тус маркийн дээжээс дэд сайд Т.Линднерт гардуулав.
Хүндэтгэлийн арга хэмжээнд ХБНГУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарын нэр хүндтэй төлөөлөгчид, хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж буй хувь хүн, байгууллагын төлөөлөл бүхий 200 гаруй зочин оролцов.
Энэ үеэр монгол, германы үндэсний язгуур болон сонгодог хөгжмийн хамтлагууд өвөрмөц онцлог бүхий эгшиг аялгуугаа өргөсний зэрэгцээ хоёр орны улс төрийн харилцааны түүхийг харуулсан цахим гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулав.