Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 54 ДЭХ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 54 ДЭХ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Холбооны Улсын Давос хотноо 2024 оны 1 дүгээр 15-19-ний өдрүүдэд болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү болон Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурян нартай 1 дүгээр сарын 17-ны өдөр тус тус хоёр талын уулзалт хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалаас хойш Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, Стратегийн түнш БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж байгааг мөн онцлон тэмдэглэв.

Ерөнхий сайд Хан Дог Сү Монгол Улс, БНСУ-ын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэлэлцээ эхэлж, Монгол, Солонгосын Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах төсөл амжилттай хэрэгжиж буйг өндрөөр үнэлэв. Түүнчлэн хоёр улсын иргэдийн солилцоо, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагаа идэвхжиж буйд сэтгэл хангалуун байгааг талууд тэмдэглэж, цаашдын чиглэлийн талаар санал солилцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улсын уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулж, харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв. Мөн Улаанбаатар хотноо ирэх 7 дугаар сард зохион байгуулагдах Монголын эдийн засгийн форумд оролцохыг урив.

Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улсын хоёр талын харилцааг идэвхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд илүү нягт хамтран ажиллахын чухлыг Ерөнхийлөгч Ваган Хачатурян онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтын хүрээнд болсон “Олон улсын хамтын нийгэмлэгт итгэх итгэлийг сэргээх нь” дэлхийн эдийн засгийн лидерүүдийн хэлэлцүүлэг-зоогт мөн оролцлоо.

Ковид-19 цар тахал болон геополитикийн шинэ нөхцөл байдлаас үүдэлтэй амаргүй сорилтуудыг даван туулахын тулд дэлхийн хамтын нийгэмлэг хэрхэн хамтран ажиллах талаар улс төр, эдийн засаг, бизнесийн манлайлагчид өөрсдийн санал бодлоо уралдуулж, хамтын шийдэл олохыг эрмэлзсэн яриа тус арга хэмжээний үеэр өрнөв.