Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 54 ДЭХ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 54 ДЭХ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Холбооны Улсын Давос хотноо 2024 оны 1 дүгээр 15-19-ний өдрүүдэд болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнам болон Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Виола Патришиа Амхерд нартай 1 дүгээр сарын 16-ны өдөр тус тус хоёр талын уулзалт хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад 2022 онд хийсэн албан ёсны айлчлалаар тохиролцсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход хоёр тал нягт хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Зүүн өмнөд Ази дахь чухал түнш Сингапур улстай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, цахим шилжилт, хуримтлалын нэгдсэн сан, нийтийн орон сууцжуулалтын чиглэлээр эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч буйг цохон тэмдэглэв.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнам хоёр улсын хооронд байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийн ач холбогдлыг онцолж, нүүрс төрөгчийн кредитийн чиглэлээрх хамтын ажиллагааг үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

2024 оны Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгчөөр томилогдсон хатагтай Виола Патришиа Амхерд-ад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Энэ оны 5 дугаар сард тохиох Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хоёр тал өргөн хүрээнд тэмдэглэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байгааг онцлов.

Швейцарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд манай улсын хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол болон нийгмийн бусад салбарт амжилттай хэрэгжсэн төслүүд нь ардчиллыг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг дээдэлсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа Швейцарын Холбооны Ерөнхийлөгч Виола Амхерд тэмдэглэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтын хүрээнд болсон “Дэлхийн эдийн засгийн 2024 оны төлөв байдал” хэлэлцүүлэг-зоогт оролцлоо.

Дэлхийн улс орнуудын үл хөдлөх хөрөнгийн салбарын тогтворгүй байдал, засгийн газрууд болон аж ахуйн нэгжүүдийн өрийн дарамт зэрэг эрсдэл нь дэлхийн эдийн засгийн 2024 оны төлөв байдлыг амаргүй болгож буй талаар оролцогчид хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцов.