Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудын хэвлэлийн мэдээ“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ХОРШООЛЛЫН ҮҮРЭГ” ТОГТООЛЫГ БАТЛУУЛАВ

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ХОРШООЛЛЫН ҮҮРЭГ” ТОГТООЛЫГ БАТЛУУЛАВ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 11 дүгээр сарын 3-ны өдрийн бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдлаа.

Өдгөө дэлхий дээр 3 сая орчим хоршоолол байдаг ба дэлхийн нийт ажил эрхлэгчдийн 10 хувь нь хоршооллын ажилтан буюу эзэн байна. Тиймээс энэ удаагийн тогтоолд юуны өмнө цар тахлын дараах эдийн засаг, санхүүгийн хямралын үед ажил эрхлэлтийг дэмжих, хүмүүсийн нийгмийн сайн сайхан, цалин орлогыг баталгаажуулах, бүхэлдээ тогтвортой хөгжлийг дэмжихэд хоршооллын үүргийг цохон тэмдэглэв.

Мөн хоршоолол, нийгмийн ба эв санааны нэгдлийн уялдаа холбоо, хоршооллын хүнсний аюулгүй байдал, бүгдэд хүртээмжтэй, уян хатан хүнсний тогтолцоог хангах, эмэгтэйчүүд, залуучууд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, уугуул иргэд, орон нутгийн иргэдийн эдийн засгийн статус, хөгжил болон чадавхыг бэхжүүлэхэд оруулах хувь нэмрийг дээшлүүлэхийн чухлыг онцлосон.

Түүнчлэн тогтоолд 2012 оны Олон улсын хоршооллын жилийн амжилтад үндэслэн 2025 онд Олон улсын хоршооллын жилийг зарлах чиглэлээр ажиллахыг уриаллаа.

Монгол Улсын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоолд НҮБ-ын гишүүн 101 улс хамтран зохиогчоор нэгдэв.