Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээБОТСВАНА УЛСЫН КАСАНЕ ХОТНОО СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЧУУЛГАН БОЛОВ

БОТСВАНА УЛСЫН КАСАНЕ ХОТНОО СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЧУУЛГАН БОЛОВ

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай 2003 оны конвенцын Засгийн газар хоорондын хорооны 18 дугаар чуулган Бүгд Найрамдах Ботсвана Улсын Касане хотноо 2023 оны 12 дугаар сарын 5–8-ны өдрүүдэд болов.

Чуулганы хуралдаанаар хорооны гишүүн 24 орны шийдвэрээр 6 өвийг соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах жагсаалтад, 45 өвийг төлөөллийн жагсаалтад бүртгэж, 4 хөтөлбөрийг хадгалалт хамгаалалтын сайн жишээгээр сонгон баталгаажуулав. Ийнхүү соёлын биет бус өвийн жагсаалтад 145 улсын 730 өв, сайн хадгалалт хамгаалалтын жишээгээр 31 улсын 37 хөтөлбөр тус тус бүртгэгдээд байна.

Энэ удаагийн чуулганы онцлог үйл явдал нь Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай 2003 оны конвенц батлагдсаны 20 жилийн ойг улс орнууд хамтдаа тэмдэглэж, конвенц батлагдсанаас хойш өвийг хамгаалах чиглэлээр хийсэн ажлаа тайлагнав.

20 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улс “Нүүдэлчин” фестивалийг зохион байгуулж, соёлын яриа хэлэлцээр болон нүүдлийн соёлыг таниулан сурталчлахад оруулж буй хувь нэмрийн талаар Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү хэлсэн үгэндээ онцолсны зэрэгцээ Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийг 2026 онд тэмдэглэх санаачилга болон тогтвортой хөгжил, энх тайвны төлөөх өвийг хамгаалах тухай Сөүлийн алсын хараа баримт бичигтэй уялдуулан Улаанбаатарын тунхаглалыг дээрх фестивалын хүрээнд гаргасан талаар мэдээлэв.

Түүнчлэн, Соёлын биет бус өвийн нээлттэй өдөрлөг, сургалт, семинар, телевизийн шууд хөтөлбөрүүдийг Монгол Улс зохион байгуулж, өвлөн уламжлагчдыг танилцуулах, боловсролын тогтолцоонд өвийн боловсролын асуудлыг тусган оруулахын ач холбогдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлыг тайлагнаж, цаашид Соёлын биет бус өвийн бие даасан хуультай болохоор ажиллаж буйг, нүүдлийн соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр төлөвлөж буй арга хэмжээний талаар мэдээлэв.

Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганыг Парагвай Улсад 2024 онд зохион байгуулахаар тогтов.