“Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтийг хангах Монгол Улсын Засгийн газар – Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хамтарсан удирдах хорооны хоёрдугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов.
Хамтарсан удирдах хорооны хуралдаанаар НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хэрэгжилтийг
1/Хүний хөгжил, сайн сайхан байдлыг хангах,
2/ Ногоон, хүртээмжтэй өсөлтийг дэмжих,
3/ Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийг дэмжих гэсэн 3 чиглэлээр танилцуулав.
Талууд ирэх 2024 онд “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтийг хангахдаа Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх 12 хурдасгууртай уялдуулах, бүх талын оролцоог хангах, илүү үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатай гэж Хамтарсан удирдах хорооны гишүүд үзэв.
НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт талууд 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд Хамтарсан удирдах хороо нь эл баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих, удирдамжаар хангах, үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл, бүс нутаг, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан зөвлөмж дүгнэлт гаргах зэрэг үүрэгтэй ажиллаж байна.