Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт Канад Улсын нийслэл Оттава хотноо 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болов.
Канад Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Канад Улсын Олон улсын хөгжлийн сайд А.Хуссен нар хүндэтгэлийн хүлээн авалтад хүндэт зочноор оролцож, хоёр улсын харилцааны хагас зуун жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсын Гадаад хэргийн сайд М.Жолитой хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр талууд хоёр талын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэж, хөгжүүлэхээр болсныг онцлон тэмдэглэв.
Хүлээн авалтад Канад Улсын Парламент, Засгийн газар, Оттава дахь дипломат төлөөлөгчийн газрууд, хувийн хэвшил, Канад Улсад оршин сууж буй монгол иргэдийн төлөөлөл оролцов.
Мөн Канад Улсаас Монгол Улсад сууж байсан анхны Элчин сайд А.Биолик, Элчин сайд Г.Голдхөүк, Элчин сайд К.Ивкоф нар хүлээн авалтад оролцов.
Хүлээн авалтын үеэр Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим монгол, канадын иргэдэд төрийн одон, медаль гардуулж, монголын үндэсний болон сонгодог урлагийн тоглолт толилуулав.