Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 11 дүгээр сарын 21-ний өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли-тай албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээний эхэнд Сайд нар Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд өргөжиж, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан Өргөн хүрээтэй түншлэлийн хүрээнд амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн үеэр хэрэгжиж байгаа бөгөөд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт Монгол Улсын гадаад бодлогын хүрээнд “гуравдагч хөрш” Канад Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг болохыг Гадаад харилцааны сайд уулзалтын үеэр тэмдэглэв.
Өнгөрсөн хугацаанд хоёр улсын улс төр, аюулгүй байдлын яриа хэлэлцээ өргөжиж, Монгол Улс дахь Канадын хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэхийн зэрэгцээ байгалийнбаялгийн тогтвортой удирдлага, төрийн албаны шинэчлэл, сайн засаглал, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хөгжлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж ирснийг Сайд нар сайшаан тэмдэглэв.
Хэлэлцээний үеэр Сайд нар Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг бататгаад хоёр улсын хамтын хөгжил цэцэглэлт, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө Монгол-Канадын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж, шат ахиулахаар тохиролцов.
Гадаад хэргийн сайд М.Жоли Монгол Улс Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Канад Улсын үзэл санаа нэгтэй, ардчилсан түнш болохыг дурдаад, эмэгтэйчүүдийн манлайлал, феминист чиг хандлагтай гадаад бодлогыг урагшлуулахын төлөө Гадаад харилцааны сайдын гаргаж буй санал санаачилгыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.
Сайд нар ирэх онд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, цаашид худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлж, ногоон эдийн засаг, уул уурхай, байгаль орчин, цөлжилттэй тэмцэх, хөдөө аж ахуй, агро-хүнс, цахим шилжилт болон боловсролын салбарт, тэр дундаа англи хэлний багш нарыг бэлтгэх чиглэлд түлхүү хамтран ажиллахаар тохиролцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, агаарын харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлаар тодорхой санал тавихын зэрэгцээ хоёр тал бүс нутаг, олон улсын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцож, хэлэлцээний дүнгээр талууд хамтарсан мэдэгдэл гаргав.