НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) болон Хүн амын сангаас хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн хүн амын 7 дугаар бага хурал 2023 оны 11 дүгээр сарын 15-наас 17-ны хооронд Бангкок хотноо болж байна.
Бага хурлаар Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, хүн амын хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хүн амын насжилт, эрүүл мэнд, хоол тэжээл, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Мөн тус хурлын үеэр Хүн ам ба хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн сайд нарын тунхаглал болон Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурлын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг тус тус дүгнэх юм.
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин бага хурлын “Хүн ам ба хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн сайд нарын тунхаглал болон Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурлын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарсан ахиц дэвшил ба түүний Ази, Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлэх үндсэн арга хэмжээний явц байдал”-ын талаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэлэв.