Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЭЛЧИН САЙД Х.КОБАЯШИ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЭЛЧИН САЙД Х.КОБАЯШИ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки-г эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч уулзав.

Cайд Б.Батцэцэг Элчин сайд Х.Кобаяши-г Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол Улс, Япон Улсын харилцааг шат ахиулж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хөгжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсныг сайшаав.

Тэрээр Элчин сайд Х.Кобаяши 2019 оноос Монгол Улсад томилогдон ажиллах хугацаанд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлалыг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улс “Kовид-19” цар тахлыг богино хугацаанд даван туулахад бодит хувь нэмэр оруулж ажилласныг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Япон Улсын Засгийн газраас манай улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэнд талархал илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын үеэр Элчин сайд Х.Кобаяши-д Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсэв.