Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛС, КАНАД УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ШУУДАНГИЙН МАРКИЙН НЭЭЛТ БОЛОВ

МОНГОЛ УЛС, КАНАД УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ШУУДАНГИЙН МАРКИЙН НЭЭЛТ БОЛОВ

Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслолын ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.

Нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар оролцож, үг хэллээ.

Одоогоос хагас зуун жилийн тэртээ 1973 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Канад Улс нь манай улстай албан ёсны харилцаа тогтоосон Хойд Америк тивийн анхны улс байсан юм. Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд тууштай өргөжин хөгжиж, өдгөө Канад Улс нь манай чухал “гуравдагч хөрш”, тэргүүлэгч хөрөнгө оруулагч, худалдааны гол түншүүдийн нэг болжээ. Мөн Канадын Хөгжлийн албан ёсны тусламжийн төслүүд Монгол Улсад амжилттай хэрэгжиж, манай улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан болно.

 

“Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил” сэдэвт хэлхээ маркт Монгол Улс, Канад Улсын төрийн далбааг дүрслэн харуулсан бөгөөд чимэглэл хэсэгт энх тайвны бэлгэдэл тагтаа, хоёр улсын төрийн болон парламентын ордон, нийслэл Улаанбаатар болон Оттава хотын барилга, байгууламжууд, мөн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн лого зэргийг зохиомжлон харуулжээ.

“Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар ёслолын ажиллагаанд оролцсон хүндэт зочдод дурсгалын марк гардуулав.

Энэхүү маркийг “Монгол шуудан” ХК-иас худалдан авах боломжтой.