Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМонгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнуулав

Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнуулав

Мянганы суут хүмүүн Их Эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”- ийг тохиолдуулан Монгол Улсын Соёлын элч, Морин хуурын чуулга Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртсэнд Гадаад харилцааны яамны нийт хамт олон баяр хүргэж, үндэсний өв уламжлал, соёл, урлагийг түгээн дэлгэрүүлж буй их үйлсэд нь өнө их амжилтыг хүсэн ерөөе.

Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсанаас хойш 31 жилийн хугацаанд 30 гаруй оронд 650 гаруй тоглолт хийж, морин хуурын өвөрмөц гайхамшигтай эгшиг аялгууг дэлхийд таниулсаар ирсэн. Монгол Улсын Гадаад харилцааны яам Морин хуур чуулгатай идэвхтэй хамтран ажиллаж, гадаадын улс орнуудын алдар, нэр хүндтэй тайзнаа уран бүтээлээ толилуулах боломж нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Тухайлбал, АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байр, БНФУ-ын Парис хотноо ЮНЕСКО-ийн төв байр, ОХУ-ын Большой театр, БНХАУ-ын Үндэсний их театр (Сувдан театр), Япон Улсын NHK телевизийн концертын их танхим, Сиднейн Дуурийн театр болон Версалийн ордны Хааны дуурийн театрт тус тус Морин хуурын яруу сайхан аялгууг эгшиглүүлсэн. Түүнчлэн тус чуулгын үндэстний соёл, урлагаа дэлхий дахинаа сурталчлан таниулахад оруулж буй хувь нэмэр, амжилт бүтээлийг өндрөөр үнэлж “Монгол Улсын Соёлын элч”-ээр өргөмжилсөн билээ. Өнөөдрийн байдлаар гадаадын 21 улс оронд 54 Соёлын элч үйл ажиллагаа явуулж байна.


Монгол Улсын Соёлын элч, Морин хуурын чуулгын удирдлага, хамт олон болон үе үеийн уран бүтээлчдэд дахин баяр хүргэж, үндэсний соёл урлагаа уламжлуулан үлдээх, түгээн дэлгэрүүлэх арвин их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!