Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ, КАНАДЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТЫН Х ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

МОНГОЛ, КАНАДЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТЫН Х ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалтын Х хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Дугуй ширээний уулзалтыг монголын талаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, канадын талаас Гадаад хэргийн Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах дэд сайд Уэлдон Эпп нар даргалж оролцов.

Уулзалтын эхэнд талууд Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын мэндчилгээг харилцан дэвшүүлэв.

Талууд уулзалтын үеэр хоёр талын харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн түншлэл, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцож, цаашид улс төрийн харилцаа, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж, НҮБ-ын системийн болон бусад олон улсын байгууллагын хүрээнд ойр дотно хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн талууд олон улсын тавцанд бүс нутгийн тогтвортой байдал, хүний эрх, уур амьсгалын өөрчлөлт, жендерийн тэгш байдал болон энхийг сахиулах зэрэг чиглэлд хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирснийг тэмдэглэв.

Монгол Улсад хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин сайжирч байгаатай холбогдуулан хоёр талын худалдаа, арилжааны харилцааг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.

Канад Улс нь сайн засаглалыг хөгжүүлэх, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бүрдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах, шүүхийн ил тод байдлыг дээшлүүлэх зэрэг Монгол Улсын хөгжилд урт хугацаанд үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжиж ирсэнд монголын тал талархал илэрхийлэв.

Монгол Улс Тогтвортой хөгжил болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудаа биелүүлэхэд Канад Улс үргэлжлүүлэн дэмжиж, энэ хүрээнд Канад Улсын Хөгжлийн тусламжийн хөтөлбөрүүдээр дамжуулан сайн засаглал, эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх, байгаль орчны тогтвортой байдал хийгээд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлд бодит ахиц гаргахын төлөө байгаагаа канадын тал нотлов.

Талууд харилцаа, хамтын ажиллагааны агуулгыг цаашид төрөлжүүлж, илүү иж бүрэн хөгжүүлэх боломж бололцооны талаар санал солилцов.

Канадын тал тус улсын нийслэл Оттава хотноо 2025 онд зохион байгуулагдах Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалтын ХI хуралдаанд Монголын төлөөлөгчдийг хүрэлцэн ирж оролцохыг урив.