Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Хоа Бинь мужийн Лыөнг Сөн аж үйлдвэрийн паркад ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
БНСВУ-ын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яамнаас тус улсын 63 засаг захиргааны мужийн 61 муж, хотод 563 аж үйлдвэрийн парк байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 2023 оны байдлаар 397 аж үйлдвэрийн парк байгуулагдсан байна.
Хоа Бинь мужид 8 аж үйлдвэрийн парк байгуулах шийдвэрийг гаргасан бөгөөд 2 аж үйлдвэрийн парк үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Бүс нутагт нийт 15 мянга гаруй ажлын байрыг бий болгож, улсын болон орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус паркад ажиллах үеэрээ автомашины салхины шил арчигч үйлдвэрлэж буй “Cap Global” ХХК, мотоциклын сэлбэг үйлдвэрлэгч “Nissin Manufacturing Vietnam” ХХК, нарны панел үйлдвэрлэгч “CRC Solar Cell” ХК-д тус тус зочиллоо.