Бангкок хотноо 2023 оны 11 дүгээр сарын 1–3-ны өдрүүдэд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Макро-эдийн засгийн бодлого, ядуурлыг бууруулах, хөгжлийн санхүүжилтийн хорооны 4 дүгээр хуралдаан болж байна.
Тус хуралдааныг Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд А.Төмөр даргалж, Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар, Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд, Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлтийн газрын ахлах эдийн засагч Н.Нинжин, Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч А.Гуамарал нар оролцож байна.
Хуралдаанд оролцож буй төлөөлөгчид тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байгаа нөхцөлд нэмэлт хөрөнгө оруулалт хийх замаар улс орны өрийн тогтвортой байдлыг үнэлэх, тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх шинэ арга замын талаар хэлэлцэж, санал солилцов.
Түүнчлэн, хуралдааны үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар “Тогтвортой хөгжлийн зорилтуудад оруулсан хөрөнгө оруулалтаар төрийн өрийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөөллийг үнэлэх нь: Шинэ чиг хандлага”, Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд “Ази, Номхон далайн орнуудын тогтвортой санхүүжилтийн зөрүүг арилгах нь: Үйл ажиллагааны зарчмууд” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэв.