Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМонгол Улс, БНСВУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэгт зурлаа

Монгол Улс, БНСВУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэгт зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд дараах баримт бичгийг байгуулав:

  • “Дипломат, албан, энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, вьетнамын талаас Гадаад хэргийн сайд Буй Тань Сөн нар гарын үсэг зурлаа.

Хэлэлцээр байгуулснаар хоёр улсын энгийн паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой.

  • Mэдээлэл солилцоо болон цагаачлалын менежментийн тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Талууд цагаачлалын бодлого, менежмент болон статистикийн мэдээлэл, сайн туршлага солилцох, албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

  • “Үндэстэн дамнасан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар гарын үсэг зурлаа.

Санамж бичиг байгуулснаар Талууд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, угтвар бодисын тухай хууль тогтоомж, хууль сахиулах, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, мансууруулах бодис холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгахад шаардлагатай туслалцааг харилцан үзүүлэх, мансууруулах бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүнтэй тэмцэх чиглэлээр шинэ техник, технологийг харилцан солилцох, энэ чиглэлийн сургалтад харилцан албан хаагчдаа оролцуулах зэргээр хамтран ажиллана.

  • “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т монголын талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар гарын үсэг зурлаа.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгээр Талууд бүс нутгийн болон олон улсын олон талт аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээ, мэдээлэл солилцох, Талуудын тодорхойлсон холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж байна.

  • “Стратеги судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т монголын талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгээр Талууд эрдэм шинжилгээний чиглэлээрх харилцаа, судалгааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх үндсийг тавьж байгаагаараа ач холбогдолтой.

  • “Цагаан будааны худалдааны тогтвортой байдлын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, вьетнамын талаас Аж, үйлдвэр худалдааны сайд Нгуен Хонг Зиен нар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгээр Талууд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад цагаан 2024-2029 онд хэрэгцээнээс хамаарч 30.000 тонн хүртэлх цагаан будааг аливаа саад тотгоргүйгээр тухайн үеийн зах зээлийн ханшаар худалдан авахаар тохиролцов.