Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН САЙД НАРЫН ТАНХИМЫН ДАРГА А.ЖАПАРОВТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН САЙД НАРЫН ТАНХИМЫН ДАРГА А.ЖАПАРОВТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар 2023 оны аравдугаар сарын 24-ний өдөр тус улсад ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд Киргиз Улсад хэрэгжиж буй анхны айлчлал юм.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүх, соёлын олон зуун жилийн хэлхээ холбоотой эсгий туургатан ахан дүүстэйгээ уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд 2023 он хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц онцлог үйл явдлаар баялаг жил болж буйг тэмдэглэлээ.

 

Мөн Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровын энэ онд манай улсад хийсэн төрийн айлчлал, Киргиз Улсын Элчин сайдын яамыг Улаанбаатар хотноо нээсэн зэрэг нь хоёр улсын харилцааг үсрэнгүй хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Хэлэлцээний үеэр хоёр тал Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Киргиз Улстай дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцав.

Далайд гарцгүй улс орнуудын хувьд бүс нутгийн дэд бүтцийн интеграцид нэгдэх замаар тээвэр логистикийн салбарт хамтран ажиллах талаар тодорхой санал солилцлоо.

“Азийн автозамын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Киргизийн талын саналыг хүлээн авч, дэмжихээ илэрхийлээд энэ асуудлаар талууд ОХУ, БНХАУ-тай нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.

Киргизийн тал Монгол, Киргиз, Солонгос зэрэг Азийн зарим ард түмэн хөх толботой төрдгийг онцолж, Бишкек-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд “Хөх толботон” аялал жуулчлалын маршрут бий болгохоор хамтран ажиллахаар ярилцлаа.

Монгол Улсаас Киргиз Улсад болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, Киргиз Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих болон мал эмнэлэг, хорио цээрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

Хоёр улсын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, жижиг дунд үйлдвэрлэлийн хооронд хэлхээ холбоо тогтоох, хөрөнгө оруулалт, экспортыг харилцан дэмжих, стартап компаниудыг хөгжүүлэх чиглэлд хоёр улсын төр, Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллахаа санал нэгтэй илэрхийлэв. Энэ хүрээнд Сайд нарын танхимын дарга А.Жапаров Киргизийн Аялал жуулчлалын хөгжлийг дэмжих сангаас тус улсыг сурталчлах арга хэмжээг 2023 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахыг санал болгоод Монголын аж ахуйн нэгжүүд энэ сарын 27-29-ний өдрүүдэд Бишкек хотноо зохион байгуулах “Кыргызстан ЕХРО-2023”олон улсын үзэсгэлэнд оролцох болсонд талархал илэрхийлэв.

Талууд мөн хоёр улсын нөөц бололцоо, давуу талыг ашиглан уул уурхай, эрчим хүч, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах шинэ боломжуудын талаар ярилцлаа.

Талууд Монгол Улсын санаачилсан “Тэрбум мод” санаачилгыг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов.

Мөн түүх, соёлын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг талууд тэмдэглэж, Монгол, Киргизийн өв, соёл, зан заншилыг хоёр улсад харилцан таниулах хүрээнд Монгол, Киргизийн соёлын өдрүүд, соёл, урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тогтов.

Хэлэлцээний дүнд талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, хоёр улсынЗасгийн газрын тэтгэлгээр жилд тус бүр хоёр оюутныг монгол, киргиз хэл судлалын чиглэлээр сургахаар тохиров.

Мөн “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний хөрөнгө оруулалтын агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хоёр улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны төсөл боловсруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тогтов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд 2023 оны аравдугаар сарын 25-26-нд Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.