Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛС, БНАСАУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 75 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МОД ТАРИВ

МОНГОЛ УЛС, БНАСАУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 75 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МОД ТАРИВ

Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, удирдагч Ким Ир Сенийн Монгол Улсад айлчилсны 35 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, БНАСАУ-ын Элчин сайдын яам хамтран 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн гадна талбайд мод тарив.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо, Гадаад харилцааны яамны газрын удирдлага болон Алтанбулаг сумын сургуулийн багш, сурагчид өргөнөөр оролцов.

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы индрээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилтийг бууруулах зорилгоор 2030 он хүртэл “Тэрбум мод” санаачилгыг дэвшүүлж буйгаа зарласнаас хойш уг санаачилга нь улс орон даяар мод тарих үндэсний хөдөлгөөн болон өргөжсөн талаар онцлов. Тэрээр мөн “Монгол Улс БНАСАУ-тай тогтоосон түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг. Өнөөдрийн бидний тарьсан “шинэс мод” урган цэцэглэж, манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааны нэгэн чухал “бэлгэдэл” болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн тэмдэглэв.

Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургууль нь анх 1960 онд БНАСАУ-ын нам, Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдсан бөгөөд Монгол Улс, БНАСАУ-ын өнө удаан жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэгэн илэрхийлэл юм