Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ, ФИЛИППИНИЙ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙГ МАНИЛА ХОТНОО ТЭМДЭГЛЭВ

МОНГОЛ, ФИЛИППИНИЙ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙГ МАНИЛА ХОТНОО ТЭМДЭГЛЭВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсад хавсран суугаа Элчин сайд С. Энхбаяр 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Манила хотын “Конрад” зочид буудалд хүлээн авалт зохион байгуулав.

Хүлээн авалтад Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А. Манало, Төсвийн удирдлагын яамны дэд сайд Маргуакс Салседо, Сангийн яамны туслах сайд Ниньо Алвина, Зэвсэгт хүчний жанжин штабын Төлөвлөгөө, хөтөлбөр хариуцсан дэд дарга, хошууч генерал Жеффри С Хэчанова зэрэг хүндэт зочид болон Филиппиний төр, засгийн байгууллага, хувийн хэвшил, хэвлэл, мэдээллийн байгууллага, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, Манилад суугаа гадаадын орнуудын Элчин сайд нар, Филиппин Улсад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл зэрэг нийт 100 орчим хүн оролцов.

Элчин сайд С.Энхбаяр хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол, Филиппиний хооронд 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойшх хугацаанд хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж ирснийг онцлон дурдаад сүүлийн жилүүдэд хоёр талын хооронд дээд, өндөр түвшний айлчлалууд харилцан хэрэгжүүлж, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Мөн тэрээр ирэх жилүүдэд хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж, иргэд хоорондын солилцоо нэмэгдэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало хэлсэн үгэндээ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын мэндийг арга хэмжээнд оролцсон нийт зочдод дэвшүүлж, хоёр талын харилцааг идэвхжүүлэх талаар монголын талаас гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Тэрээр мөн ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй, хуульт ёсыг эрхэмлэн дээдэлдэг Филиппин, Монгол хоёр улс олон улс, бүс нутгийн тавцанд идэвхтэй хамтран ажиллаж буйг тэмдэглээд хоёр талын хамтын ажиллагааг цаашид хоёр орны ард түмний эрх ашигт нийцүүлэн олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.

Хүндэтгэлийн хүлээн авалтад Монголын язгуур урлагийн дуучин, хөгжимчид уран бүтээлийнхээ дээжээс толилуулсан нь олны талархлыг хүлээв.