Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

ЭМГЭНЭЛ

 

СОДОВЖАМЦЫН ХҮРЭЛБААТАР  

/1951-2023/

Ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содовжамцын Хүрэлбаатар 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 72 насандаа таалал төгссөнд Гадаад харилцааны яамны удирдлага, хамт олны зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна.

С.Хүрэлбаатар нь 1951 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрж, 1969 онд Баянхонгор аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1969-1971 онд Монгол Улсын Багшийн дээд сургуулийн II дамжаа, 1971-1976 онд Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль, 1989-1991 онд Зөвлөлт Холбоот Улсын Гадаад явдлын яамны дэргэдэх Дипломатын академийг олон улсын харилцааны мэргэжлээр тус тус төгссөн. Япон, орос, англи хэлний мэдлэгтэй.

Тэрбээр 1976 оноос хойш Гадаад харилцааны яам болон түүний системийн байгууллагад  47  жил ажилласан бөгөөд энэ хугацаанд Азийн хэлтэст атташе, 1981-1987 онд БНМАУ-аас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, 1987-1992 онд Гадаад явдлын яамны Азийн хэлтэст II нарийн бичгийн дарга, зөвлөх, 1992-1996 онд Гадаад харилцааны яамны Ази, Африкийн газрын Ерөнхий захирал, 1997-2001 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2002-2005 онд ГХЯ-ны  Бодлого төлөвлөлтийн газарт зөвлөх, 2005-2008 онд Азийн газрын захирал, 2008-2012 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2012-2017 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажилласан.

С.Хүрэлбаатар нь Монгол төрийн мянганаар өртөөлсөн алтан аргамжийг бэхжүүлэн бататгаж, үндэсний язгуур эрх ашгийг хамгаалах гадаад бодлогын эрхэм зорилтуудыг хэрэгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Тэрбээр Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулахад оролцож, Азийн чиглэлийн зорилтууд, тухайлбал Ази, Номхон далайн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, Монгол, Японы шинэ үеийн харилцааны суурийг тавьж, хоёр орны харилцааг Иж бүрэн түншлэл, улмаар Стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. БНАСАУ-д суугаа Элчин сайдын хувьд тус улстай тогтоосон найрсаг харилцааны уламжлалыг бататгаж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласан билээ.

Монгол Улсын төр, засгаас түүний дипломат албанд мэргэжлийн ур чадвараа дайчлан үр бүтээлтэй ажилласан идэвх зүтгэл, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх үйл хэрэгт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, 1991 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2001 онд Алтан гадас одонгоор тус тус шагнаж, 1993 онд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол, 2005 онд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг хүртээжээ.

Мөн Mонгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахад оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол 2021 онд хүртээсэн билээ.

Түүний Монгол Улс, Япон Улсын найрамдал нөхөрлөл, найрсаг харилцааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж,  Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн од” зэрэглэлийн одонгоор 2017 онд шагнаж байв.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содовжамцын Хүрэлбаатарын билэг сургаал, эрдэм ухаан, хүнлэг энэрэнгүй сэтгэл, чин шударга, эгэл даруу бөгөөд эрхэмсэг зан чанар, үлгэр дуурайлал нь бидний зүрх сэтгэлд мөнхөд дурсагдах болно. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн мэхийн ёсолж байна.

Ум сайн амгалан болтугай.

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ

ДЭД САЙД Г.АМАРТҮВШИН

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР

ГХЯ, ДТГ-ЫН НИЙТ ХАМТ ОЛОН

ГХЯ-НЫ ДЭРГЭДЭХ АХМАДЫН ХОРОО