Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан гаргаж буй “Плечникийн Любляна” үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэлэв.

Тэрбээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны тэгш ойг тохиолдуулан соёлын арга хэмжээг санаачлан Улаанбаатар хотод зохион байгуулж буй Словени Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Аленка Сухадолникт талархал илэрхийлэв.

Уламжлалт найрсаг харилцаатай Монгол, Словенийн хамтын ажиллагаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд тогтвортой хөгжиж, улс төр, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, боловсрол зэрэг олон салбарт тэлж байгааг тэрээр онцлов. Мөн хоёр орны харилцааг өргөжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулахыг зорьж, дээд, өндөр түвшний уулзалтуудыг эрчимжүүлж байгааг тэмдэглэлээ.

Любляна, Вена, Прага зэрэг Европын томоохон хотуудын өнөөгийн өнгө төрхийг бүтээхэд онцгой хувь нэмрээ оруулсан Словенийн алдарт архитектор Йоже Плечникийн бүтээлүүдийг Монголын Уран зургийн галерейд дэлгэн танилцуулж буй юм.