Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Элчин сайдын яамнаас “XX зууны эхэн үеийн Монгол орон Рамстедтийн гэрэл зурагт” сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлтийг 9 дүгээр сарын 18-ны өдөр Хельсинки хотноо зохион байгуулав.
Үзэсгэлэнг Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад хавсран суугаа Элчин сайд Т.Жанабазар, Финландын Гадаад хэргийн яамны Америк болон Азийн газрын орлогч Ерөнхий захирал ноён Иуха Ниеми нар нээж үг хэлэв. Нээлтийн арга хэмжээнд Финландын парламент, гадаад хэргийн яам болон бусад төр, загийн байгууллагууд, Хельсинки дэх Дипломат корпус, Монгол, Финландын найрамдлын нийгэмлэг, бизнес, иргэнийн нийгмийн байгууллагууд болон Финландад оршин суугаа монгол иргэдийн төлөөллүүд оролцов.
Энэ үеэр монгол болон финланд уран бүтээлчид морин хуур, хөөмий, исгэрээ, магтаал, ардын дуу зэрэг монголын язгуур урлагийн үзүүлбэрүүдийг толилуулав.
Финланд Улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Нордикийн анхны улс бөгөөд хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлд суурилсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж байна.
Түүнчлэн “Монголд зочлох жил” хөтөлбөрийн талаар танилцуулж, энэ хүрээнд бэлтгэсэн сурталчилгааны 20 минутын видео контентыг үзүүлж, хэвлэмэл материалыг танилцуулж тараав.