Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ф.КИШИДАТАЙ УУЛЗАВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ф.КИШИДАТАЙ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох хүрээнд энэ сарын 20-ны өдөр Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмиотой айлын талын хүсэлтээр хоёр талын уулзалт хийв.

Уулзалт элэгсэг дотно, найрсаг уур амьсгалд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХүрэлсүхМонгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны тэмдэглэлт 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улсын Стратегийн түншлэлийг шат ахиулж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирсныг сайшаан тэмдэглэв.

Тэрээр уг түншлэлийн ирэх арваны “замын зураглал” болох үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад Монгол, Японы төр, засгийн газар нягт хамтран ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлж, хоёр улсын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд бодит илрэлээ олж, гүнзгийрэн хөгжиж буйг онцлон тэмдэглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьж буйг онцолж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх хамтын ажиллагааг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэв.

Хоёр улсын төр, засгийн газрын тэргүүн нар хоёр талын харилцааны болон бүс нутаг, олон улсын нөхцөл байдлын талаарх өргөн хүрээний асуудлаар ярилцаж,  “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санааны хүрээнд бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хувь нэмрээ оруулж, дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх нэгэн санаа зорилгын дор хамтдаа хүчин зүтгэхийн төлөө буйгаа нотлов.

Мөн уулзалтын дараа Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд үдийн зоог барьсан ба тэд 2021 онд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Глазгоу хотод, 2022 онд Токио хотноо тус тус уулзаж байсан бөгөөд энэ удаа ийнхүү гуравдахь удаагаа уулзав.