Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээБУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ, ХҮРЛИЙН ҮЕИЙН ХОЛБОГДОХ ДУРСГАЛУУДЫГ ДЭЛХИЙН ӨВИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭЛЭЭ

БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ, ХҮРЛИЙН ҮЕИЙН ХОЛБОГДОХ ДУРСГАЛУУДЫГ ДЭЛХИЙН ӨВИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭЛЭЭ

Саудын Арабын Хаант Улсын Рияд хотноо 2023 оны 9 дүгээр сарын 10–25-ны өдрүүдэд болж буй Дэлхийн өвийн хорооны 45 дугаар ээлжит чуулганаар Монгол Улсын нэр дэвшүүлсэн “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.

Буган чулуун хөшөө нь хүрлийн цаг үеийн Төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн соёлын орон зайг танин мэдэх, нүүдэлчдийн угсаа гарал, нийгэм, аж ахуй, соёл, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг түүх, соёл, урлаг, гоо зүй, танин мэдэхүйн асар их мэдээллийг агуулсан дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв юм.

Байгалийн болон соёлын өвийг хамгаалах, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд баталсан ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 2023 оны байдлаар 192 улс нэгдэн орж, 167 улсын байгалийн болон соёлын нийт 1,157 өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн байдаг. Тэдгээрээс 900 нь соёл, 218 нь байгалийн, 39 нь хосолмол өв байна.

Монгол Улс тус конвенцод 1990 онд нэгдэн орсноос хойш Дэлхийн өвийн жагсаалтад Увс нуурын ай сав газар (2003), Дагуурын ландшафт (2017), Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015), Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг байгаль, соёлын нийт 6 өвийг бүртгүүлсэн.