Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээХөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалт эхэллээ

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудезийн урилгаар Хавана хотноо болж байгаа Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Хавана” олон улсын хурлын төвд хүрэлцэн ирэхэд БНКУ-ын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канель Бермудез угтан мэндчилэв.

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдэвт дээд түвшний уулзалтыг БНКУ-ын Ерөнхийлөгч нээж үг хэллээ.

Тэр бээр 77-гийн бүлэг нь НҮБ-ын гишүүн орнуудын гуравны хоёр, дэлхийн нийт хүн амын 80 хувийг төлөөлж байгааг хэлээд, энэ удаагийн уулзалт хүн төрөлхтөн хэдэн арван жилийн өмнө урьдчилан төсөөлж ч байгаагүй шинжлэх ухаан, технологийн ололтод хүрсэн цаг үед болж байгааг тэмдэглэв.

Сүүлийн 30 жилд технологийн хурдацтай хөгжил явагдсан ч дэлхий даяар ядуурал нэмэгдэж, 2005 оноос хойш өлсгөлөн хамгийн дээд цэгтээ хүрснийг хэлэв.

Тухайлбал хөгжиж буй орнуудад 80 сая гаруй хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй, 60 гаруй сая хүн цахилгаангүй. Буурай хөгжилтэй орнуудад хүн амын 36 хувь нь интернэт хэрэглэдэг бол аж үйлдвэржсэн орнуудын хүн амын 92 хувь нь интернэт хэрэглэж байгааг жишээ болгов.

Бүгд Найрамдах Куба Улс хөгжиж буй орон боловч цар тахлын эсрэг вакцинаа өөрсдөө үйлдвэрлэсэн нь шинжлэх ухааны хөгжлөөрөө дутуу үнэлж болохгүй түвшинд хүрсний нэг илэрхийлэл гэдгийг дурдав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш:

“Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн гишүүн орнууд бол тогтвортой хөгжлийн хөдөлгүүр. Зарим гишүүн ядуурлыг бууруулж чадсан бөгөөд НҮБ нийтлэг шийдэл олох, нэгдмэл байдлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Гэхдээ ядуурал, өлсгөлөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн давтамж нэмэгдсээр. Дүгнэлт маш тодорхой. Дэлхий нийт хөгжиж буй орнуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна.

Бид сайн засаглалыг хөгжүүлж, нөөцөө тэгш, хүртээмжтэй хуваарилж, тогтвортой хөгжлийг онцгой чухалчилж, хүний эрхийг дээдэлсэн, хөгжиж буй орнуудын эрх ашгийг бүх түвшинд хамгаалсан олон улсын тогтолцоо бий болгохын төлөө хамтран ажиллах хэрэгтэй. Бүгдийн төлөөх тогтолцоог хөгжүүлэхэд Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дуу хоолой маш чухал бөгөөд НҮБ-ын тавцанд үргэлж чухал байр суурь эзлэх болно”.

Монгол Улс хөгжиж буй орнуудтай хамтран нийтлэг асуудлаар эрх ашгаа хамгаалах, үндэсний хувь нэмрээ оруулах зорилгоор 77-гийн бүлгийн үйл ажиллагаанд 1989 оноос хойш оролцож байна.

Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус, бичиг үсгийн болон ардчиллын боловсрол, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай хэрэгцээ шаардлага зэрэг асуудлыг урагшлуулах, Монгол Улсын санаачилсан тогтоолын төслүүдийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулгануудаар хэлэлцүүлж батлуулахад 77-гийн бүлгийн гишүүн орнууд дэмжлэг үзүүлж иржээ.

1964 онд НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлын анхдугаар хуралдаанаар хөгжиж буй орнуудын хамтын тунхаглалыг баталснаар 77-гийн бүлгийг байгуулсан түүхтэй.

Анх хөгжиж буй 77 орон байгуулсан бүлэгт одоо 134 орон нэгдэж, НҮБ дахь Засгийн газар хоорондын хамгийн том бүлэг болоод байна.

Энэ бүлэг эдийн засгийн хамтын сонирхлоо харилцан дэмжих, НҮБ-ын системийн хүрээнд болж буй эдийн засаг, хөгжлийн гол асуудлаарх хэлэлцүүлэгт нэгдмэл байр сууринаас хандах, хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг тодорхой асуудлаар тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр, хэлэлцээр боловсруулахын зэрэгцээ НҮБ болон түүний системийн байгууллагын хүрээнд болдог хурал, чуулганд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлаар хамтарсан мэдэгдэл хийх, тогтоол, шийдвэрийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх, төсөл хэрэгжүүлэх зэргээр ажилладаг.

Тухайлбал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2 дугаар хороогоор хэлэлцдэг тогтоолуудын 70 гаруй хувийг 77-гийн бүлэг санаачилдаг байна.

Олон улсын эдийн засгийн холбоотой асуудлаар шийдвэр гаргахад хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх, хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийг хөгжингүй орнуудаас шаардах нь 77-гийн бүлгийн анхаарлын төвд байдаг.

Бүлгийг Ази, Номхон далай, Африк, Латин Америкийн бүсээс нэг жилийн хугацаагаар ээлжлэн сонгосон улс даргалдаг. 2023 онд Бүгд Найрамдах Куба Улс даргалж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ойрын 10 жил шинжлэх ухаан, технологи, инновацын шинэ сэргэлтийн он байх болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудезийн урилгаар Хавана хотноо болж байгаа Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож байна.

Ерөнхийлөгч Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдэвт дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд дээрх чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.

Тэр бээр юуны өмнө дээд түвшний уулзалтыг амжилттай даргалж байгаа Бүгд Найрамдах Куба Улсын удирдагчид болон Кубын ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн асуудал, ядуурал, өлсгөлөн зэрэг хөгжлийн хурдыг сааруулсан сорилт, бэрхшээлийг хамтдаа даван туулахын тулд НҮБ дахь хамгийн том бүлэг болох 77-гийн бүлэг эв санаагаа улам нэгтгэн, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх нь чухал байгааг тэмдэглэв.

Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх нь дэлхий нийтийн хөгжил дэвшлийн замын зураглал болсон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс, үндэстнүүдийн тэгш байдлыг хангах, түүний дотор хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол арга хэрэгслүүдийн нэг гэдгийг хэлэв.

Монгол Улс ойрын 10 жилийг шинжлэх ухаан, технологи, инновацын шинэ сэргэлтийн он жилүүд байхаар төлөвлөн ажиллаж байгааг онцлов.

Цахим шилжилтийг эрчимжүүлж, цахим хөгжлийн багц хуулиудыг хэрэгжүүлэн, төрийн үйлчилгээг хялбаршуулж, иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих, авлига, хүнд суртлыг бууруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор E-Mongolia систем нэвтрүүлж, өнгөрсөн онд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр байгуулж, цахим үндэстэн болохыг зорьж байгааг хэлэв.

Шинжлэх ухаан, технологийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, чадавхыг нь сайжруулах зорилгоор Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор байгуулж, Шинжлэх ухаан, технологийн паркийг эрчимтэй хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгааг тодотгов.

Цаашид шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хуваалцах, инновацыг дэмжих, бүс нутгийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн судалгаа шинжилгээ, төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр бүлгийн гишүүн улсуудтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн шугамаар хөгжиж буй орнууд, түүний дотор далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжих судалгааны төслүүдийг Өмнөд-Өмнөдийн болон гурвалсан хамтын ажиллагааны хөтөлбөрүүдтэй хамтран хэрэгжүүлэх нь тэдгээрийн үр өгөөж, цар хүрээ, ач холбогдлыг улам нэмэгдүүлнэ гэж үздэгээ хэлэв.

Хөгжиж буй орнуудын бүлэг дуу хоолойгоо нэгтгэн, ашиг сонирхлоо хамгаалах яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг тууштай үргэлжлүүлж чадвал Умард ба Өрнөдийн орнуудын стратегийн түншлэл бэхжиж, мэдлэг, технологи, инновац хуваалцах үйл явц үр дүнтэй, эрчимтэй хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгааг тэмдэглэв.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн хүрээнд хэлэлцэж байгаа “Даян дэлхийн цахим гэрээ” нь бүх нийтийн нээлттэй, ил тод, аюулгүй цахим орчин бий болгоход чухал түлхэц болохыг тодотгов.

Шинжлэх ухаан, технологи, инновацын ололт, амжилт даян дэлхийн энх тайван, хүн төрөлхтний сайн сайхан, улс орнуудын тогтвортой хөгжлийн төлөө зориулагдах учиртайг хэлэв.

Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нь “Нийтлэг болон ялгаатай үүрэг, хариуцлага” хүлээх, хөгжлийн албан ёсны тусламж, уур амьсгалын санхүүжилтэд авсан үүрэг, амлалтаа биелүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацын төсөл, хөтөлбөрт зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг хөгжиж буй орнуудын нөхцөл байдалд тохируулан хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлөөр шилжүүлэх зэрэг боломж бүрдүүлэхэд нэн чухал гэдгийг тэмдэглэв.

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний энэ уулзалтын үр дүн хөгжиж буй орнуудын хөгжлийг тэтгэх, “Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөрийн хэрэгжилтэд шинжлэх ухаан, технологи, инновацын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Энэ удаагийн дээд түвшний уулзалтад дэлхийн 100 гаруй улсын төлөөлөгч, тэр дундаа олон арван орны төр, засгийн тэргүүн, дэд тэргүүн оролцож байна.