Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны яам хоорондын ээлжит 4 дүгээр зөвлөлдөх уулзалт 2023 оны 09 дүгээр сарын 12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, энэтхэгийн талаас Гадаад хэргийн дэд сайд Саурабх Кумар нар тус тус тэргүүлэв.
Зөвлөлдөх уулзалтаар талууд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх болон хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр, Монгол, Энэтхэгийн найрамдалт ерөнхий боловсролын сургууль, Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, харилцаа холбоо, аутсорсингийн төв байгуулах төслүүдийн бүтээн байгуулалт зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр манай “оюун санааны хөрш”, бүс нутаг дахь чухал түнш Бүгд Найрамдах Энэтхэг Улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд монголын тал өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглээд цаашид Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааг уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулах, хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналтай буйгаа илэрхийллээ.
Талууд Монгол, Энэтхэгийн аюулгүй байдал, батлан хамгаалах, боловсрол, соёлын салбарын болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд Монгол Улсаас коксжих нүүрс энэтхэгийн зах зээлд нийлүүлэх, хоёр талын хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэсгэх, хууль эрх зүй, зам, тээвэр, харилцаа холбоо, мэдээллийн технологи зэрэг салбарын мэргэжилтэн, боловсон хүчнийг Энэтхэг Улсад сургах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.
Түүнчлэн хоёр тал Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд онцгойлон анхаарал хандуулдгаа тэмдэглээд энэхүү үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа нотлов.