Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээНҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон Матилда Димовска Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт энэ 9 дүгээр сарын 5-ны өдөр Итгэмжлэх захидлаа гардуулав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ тууштай дэмжлэг үзүүлж ирснийг энэ үеэр онцолж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газартай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн тэрбээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь манай улсын тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжлийг дэмжих, ахиулахад ихээхэн хувь нэмэр болно хэмээн тэмдэглэж, манай улсын хөгжлийн зорилт, тэргүүлэх чиглэл, санал санаачилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд тус хөтөлбөртэй улам идэвхтэй хамтран ажиллана гэв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч М.Димовска тогтвортой хөгжлийн зорилго, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, Монгол-НҮБ-ын хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлтаа дайчлан ажиллахаа илэрхийлэв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч М.Димовска 2007 оноос хойш НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Европ болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн бүс нутгийн товчоонд, түүнчлэн Турк, Молдав, Гүрж, Умард Македон дахь Суурин төлөөлөгчийн газарт тус тус ажиллаж байсан туршлагатай.