Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийх төрийн айлчлалыг тохиолдуулан “Монгол шуудан” ХК-иас бүтээсэн “Пап Францисын Монгол Улс дахь айлчлал” сэдэвт маркийн нээлт Гадаад харилцааны яаманд болов.
Маркийн нээлтийн арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Гэгээн Ширээт Улсын Эванжелийн номлолын газрын тэргүүн, кардинал Луис Антонио Тале, Улаанбаатар дахь Ватиканы төлөөлөгчийн газрын тэргүүн, кардинал Жоржо Маренго тэргүүтэй төлөөлөгчид болон Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүд, марк сонирхогчид оролцов.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Улаанбаатар дахь Ватиканы төлөөлөгчийн газрын тэргүүн, кардинал Жоржо Маренго нар анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурж, тамгалснаар 1129 дэх сэдвийн шуудангийн марк үнэт цаас болсноор үйлчилгээнд нэвтрэв.
Түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ой, түүхэн айлчлал зэрэг үйл явдлыг тохиолдуулан “Монгол шуудан” компани тусгай марк гаргаж ирсэн уламжлалтай.