Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭЛЧИН САЙД С.ЗОЛЖАРГАЛ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДАД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙНХЭЭ ХУВИЙГ ГАРДУУЛАВ

ЭЛЧИН САЙД С.ЗОЛЖАРГАЛ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДАД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙНХЭЭ ХУВИЙГ ГАРДУУЛАВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэсээрийн Золжаргал 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тус улсын Гадаад хэргийн дэд сайд Элио Родригес-тэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав. Уулзалтын үеэр Элчин сайд С.Золжаргал уламжлалт түүхэн харилцаатай Монгол, Кубын найрсаг харилцааг бодит агуулгаар бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, ирэх сард Куба улсын даргалан зохион байгуулж буй Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалтад амжилт хүсэв.

Дэд сайд Э.Родригес Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийн талаар товч мэдээлэл өгч, цаашид хоёр улс шинжлэх ухаан, дээд боловсрол, эдийн засаг, худалдааны салбарт үр ашигтай хамтран ажиллах нөөц бололцоо байгааг тэмдэглэв. Түүнчлэн тэрээр Элчин сайдын ажилд амжилт хүсч, Кубын Гадаад хэргийн яамны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.