Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Монголын энх тайван ба түүхэн туршлага” ерөнхий сэдэвт Олон улсын монголч эрдэмтдийн XII Их хурал өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ.
Олон улсын монголч эрдэмтдийн их хурал 5 жил тутам зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн Их хурал нь “Түүхийн өмнөх үе болон түүхийн үеийн Монголчууд”, “Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе”, “Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз”, “Монголын гадаад ертөнц ба харилцаа”, “Монголчуудын соёл: уламжлал ба шинэчлэл”, “Залуу монгол судлаачид” сэдэвтэй 6 салбар хуралдаантай бөгөөд дэлхийн 27 улсын 500 гаруй эрдэмтэн судлаач оролцож байна.
Гадаад харилцааны яамнаас Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнтэй хамтран “Монголын гадаад ертөнц ба гадаад харилцаа” салбар хуралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Чех улсын монголч эрдэмтэд “Чингис хааны төрийн алтан аргамжийн бодлого ба түүний Монгол Улс дахь судлал”, “ЗХУ ба БНМАУ: Хамтын ажиллагааны түүхэн туршлага”, “Монголын Их энх амгалан ба Түүхэн туршлага: Монголын Эзэнт гүрний дипломат өв”, “Орчин үеийн Марко Поло” болон “Хятад, Монгол хоёр улсын хамтарсан мэдэгдлүүд дэх Энх тайвнаар зэрэгцэн орших үзэл баримтлалын хөгжил” зэрэг сэдвээр 26 илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.