Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН ХОРООНЫ 22 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН ХОРООНЫ 22 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 22 дугаар хуралдаан Брюссель хотноо 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр болов. Хамтарсан хорооны хуралдааныг Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга, Шадар сайд С.Амарсайхан, Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын захирал Гуннар Веганд нар тэргүүлэв.

Хамтарсан хорооны хуралдаанаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн бодлого зорилтыг танилцуулж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Мөн Монгол Улс, Европын Холбооны харилцааны суурь баримт бичиг болох “Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн явц, түүний үр дүнг цаашид нэмэгдүүлэн баяжуулах боломжийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэв. Тухайлбал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан томоохон зорилт арга хэмжээг Европы Холбооны “Дэлхийд гарах гарц” хөтөлбөртэй уялдуулж ногоон шилжилт, цахимжуулалт, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт зэрэг салбарт хоёр талын харилцааг тэлж ажиллахаар тогтов.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхийн улс орнуудын өмнө тулгамдсан нийтлэг зорилтуудыг хангах, энэ хүрээнд Монгол Улс, Европын Холбоотой байгуулсан “Ойн түншлэл”-ээр бодит үр дүн гаргаж ажиллахаа талууд нотоллоо.

 Хамтарсан хорооны хуралдааны үеэр Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах албан ёсны шийдвэрт талууд гарын үсэг зурав. Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсэг нь Европын Холбооны Олон жилийн баримжаат хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцдэг чухал механизм юм.

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 22 дугаар хуралдааны дүнгийн талаар хэвлэлийн хамтарсан мэдээ гаргахаар тогтов.