Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо 2023 оны 7 дугаар сарын 13-14-ний өдөр болж буй АСЕАН-ны Бүсийн 30 дахь удаагийн чуулга уулзалтад оролцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус чуулга уулзалтад оролцох үеэрээ бусад улсын Гадаад хэргийн сайд нартай хоёр талт уулзалт хийхээс гадна чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож Монгол Улсын баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ бүс нутгийн тогтвортой байдлыг хангах үйл хэрэгт олон улсын эрх зүйн хүрээнд Монгол Улс өөрийн хувь нэмрийг үргэлжлүүлэн оруулж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотолж, өнгөрсөн 6 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”олон улсын бага хурал, мөн Эмэгтэй гадаад хэргийн сайд нарын уулзалтын дүнгийн талаар танилцуулав.