Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Ерөнхий захирал Др. Тедрос А.Гебрейесус албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Айлчлалынхаа хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой хоёр талын уулзалт хийхийн зэрэгцээ эрүүл мэнд, онцгой байдлын салбарын алба хаагчдын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
Уулзалтыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нээж, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Тедрос А.Гебрейесус нар үг хэлэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос А.Гебрейесус айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтай уулзалт хийх бөгөөд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баяр “Үндэсний их баяр наадам”-ыг үзэж сонирхоно.