Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровын Монгол Улсад хэрэгжүүлж буй төрийн айлчлалын хүрээнд 2023 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтарсан тунхаглалд хоёр улсын Ерөнхийлөгч нар гарын үсэг зурлаа.
Мөн айлчлалын хүрээнд дараах баримт бичгийг байгуулав. Үүнд:
“Байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев нар гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрийн хүрээнд Талууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдал, ойн экосистемийг хамгаалах, бэлчээрийг нөхөн сэргээх, цэвдэг, мөсөн голыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана.
“Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев нар гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрийн хүрээнд Талууд газар тариалан, тэр дундаа таримал ургамлын үрийн аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуй, малын үржил селекцийн үйл ажиллагаа, зөгийн аж ахуй, мал эмнэлэг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн механикжуулалт, автоматжуулалт, цахим хөдөө аж ахуйн нэвтрүүлэлт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.
Ойн экосистемийг хөгжүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг.
Ургамлын хорио цээрийн талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр.
Гэмт хэрэгтэй тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Дотоод хэргийн яам хоорондын хэлэлцээр.
Ах дүүгийн харилцаа тогтоох тухай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хот хоорондын хэлэлцээр.
Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хөдөө аж ахуйн яамны харьяа Мал эмнэлгийн алба хоорондын хэлэлцээр.
Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хэнтий аймаг, Бүгд Найрамдах Киргиз Улсын Чуй муж хоорондын санамж бичиг.
Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Татварын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Сангийн яамны харьяа Улсын татварын алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг.
Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний түүхийн музей хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Архивын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Цахим хөгжлийн яамны харьяа Архивын алба хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөө.