Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрUncategorizedМОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ГАДААД ХЭРГИЙН ЭМЭГТЭЙ САЙД НАРЫН УУЛЗАЛТЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ГАДААД ХЭРГИЙН ЭМЭГТЭЙ САЙД НАРЫН УУЛЗАЛТЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт Гадаад хэргийн сайд нар аа,

Эрхэм хүндэт зочид оо,

Хатагтай ноёд оо,

Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс энд хуран цугларсан анд нөхөд, Эрхэм хүндэт Франц, Герман, Индонез, Лихтенштайн, Мозамбик, Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд нар, Австралийн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал, Уур амьсгалын ногоон сангийн Гадаад харилцааны асуудал эрхэлсэн захирал Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье. Та бүхэн бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган Монгол Улсад хүрэлцэн ирж, энд хуран цугларсанд миний бие гүнээ талархан хүлээн авч байгааг илэрхийлэхэд таатай байна.

Эрхэм анд Германы Гадаад хэргийн сайд Анналена болон Францын Гадаад хэргийн сайд Кэтрин нарт үнэтэй дэмжлэг үзүүлэн энэхүү уулзалтыг, хамтран зохион байгуулж буйд гүнээ талархаж байгаагаа онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Түүнчлэн Монгол Улсын Гадаад харилцааны сайдын албыг 1998-2000 онд болон 2007-2008 онд тус тус хашиж байсан хатагтай Ням-Осорын Туяа болон Санжаасүрэнгийн Оюун нар энд хүрэлцэн ирээд буйг тэмдэглэхэд нэн таатай байна.

Манлайлагч эмэгтэйчүүд бид хамтдаа ард иргэдийнхээ хөгжил цэцэглэл, сайн сайхны төлөө өөрчлөлтийг хийж чадна гэсэн итгэл найдвар, урам зоригтойгоор нэгэн том гэр бүлийн гишүүний хувиар хуран цуглараад байна. Бид дэлхий дахинд тулгамдсан чухал асуудал, сэдвээр нээлттэй, илэн далангүй санал солилцоно. Бидний үр хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд бүгд сайн сайхан амьдрах, тэгш боломжийг хүртэх, амар амгалан, эрх чөлөөтэй байх нийгмийг цогцлоохын төлөө хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Та бүхэн Монголд богино хугацаанд зочилж буй хэдий ч манай улсын түүх, соёл, хөгжилтэй багахан ч гэсэн танилцаад буцна хэмээн найдаж байна. Та бүхэнтэй эх орныхоо зарим нэг онцлогийн талаар хуваалцъя.

Монгол Улс бол эрх чөлөөг эрхэмлэгч, урам зоригтой, бардам атлаа эгэл, сайхан сэтгэлтэй 3.4 сая хүн амтай улс. Бид мянган жилээр тоологдох төрт ёсны түүх, давтагдашгүй соёл, уламжлал, мөн ардчилсан өөрчлөлтийг авчирсан орчин үеийн түүхээрээ бахархдаг.

Монгол Улс бол эсрэг, тэсрэгийн оршил нутаг. Манай улс зундаа +35-40 хэм хүртэл халж, өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай.

Манай улс хязгааргүй говь нутаг, ой хөвч бүхий хойд нутаг, уулархаг баруун нутаг, хязгааргүй үргэлжлэх тал газар, тунгалаг гол, мөрөн бүхий нүд алдам цэлгэр тал, уужим нутагтай. Энэ тал нутагт 71 сая толгой мал идээшин бэлчиж, олон тооны зэрлэг ан амьтад амгалан тайван амьдарч байна.

Монгол Улс бол эрч хүчтэй, цогтой ардчиллыг тууштай хөгжүүлж байгаа орон. Манай Улсад 1990 онд ардчилсан хувьсгал өрнөж, шинэчлэл өөрчлөлтийн эхлэлийг тавьсан. Ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн үнэт зүйлс манай ард түмний ухамсар, бидний түүхэнд гүн гүнзгий улбаатай. Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулиар хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байдаг. Өнөөдөр Монгол Улс олон улсын хүний эрхийн бүхий л томоохон баримт бичигт нэгдэн ороод байна.

Гэсэн хэдий ч Монгол Улс бусад ардчилсан орнуудын нэгэн адил олон сорилтуудтай тулгарсаар байна. Бид авлигатай тэмцэх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, мөн ил тод байдлыг хангах чиглэлээр бодлого, эрх зүйн томоохон өөрчлөлт шинэчлэлтийг хийж ирсэн. Бид энэ талаар хуримтлуулсан өөрсдийн туршлага, сургамжуудаасаа Та бүхэнтэйгээ өнөөдрийн уулзалтын хүрээнд хуваалцахад баяртай байх болно.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс ардчиллын институци, үйл явцыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, дэлхий дахинд ардчиллыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон улсын хүч чармайлтыг дэмжиж, идэвхтэй оролцож ирсэн. Монгол Улс Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын бага хурал, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн бага хурал бүхий дэлхий дахинд ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр томоохон арга хэмжээг эх орондоо хүлээн авч зохион байгуулснаараа бахархдаг.

Монгол Улс бол “Энх тайвны бэлэг тэмдэг”. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны наймдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ үүнийг цохон тэмдэглэсэн.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай баримталж ирсэн. Монгол улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейд “Улс түмний энх тайван орших эрхийн тухай тунхаглал”, “Олон улсын хэлэлцээний зарчим, удирдамж”, “Зэвсэг хураах долоо хоногийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тогтоолуудыг баталсныг энэ дашрамд тэмдэглэхэд таатай байна. Түүнчлэн цөмийн зэвсгээс ангид ертөнцийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж ирсэн манай улс 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид бүс болгон зарлаж, 2021 онд Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд нэгдэн орсон.

Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааг олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах нэгэн чухал хэрэгсэл хэмээн дэмжиж ирсэн. Манай улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд 2006 онд анх удаа эмэгтэй бие бүрэлдэхүүнээ илгээж эхэлснээс хойш өдгөө 900 гаруй эмэгтэй алба хаагчид үүрэг гүйцэтгээд байна. Монгол Улс “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжиж, 2027 он гэхэд Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 15-д хүргэх бодлогыг тууштай баримтлан ажиллаж байна.

Хүндэт зочид оо,

Эрхэм хүндэт анд нар аа

Монгол Улс нь энх тайвны бэлэг тэмдэг, НҮБ-ын бүх гишүүн орнуудтай дипломат харилцаатай улс, аль ч улстай газар нутаг, улс төр болон бусад төрлийн аливаа маргаангүй, далдын ямар ч санаархалгүй орон болохынхоо хувьд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах үүднээс аливаа бүс нутаг, олон улсын арга хэмжээ, уулзалт, бага хурлыг хүлээн авч зохион байгуулахад бэлэн байна.

Монгол Улс жендэрийн тэгш байдлыг дотоод болон гадаад бодлогодоо нэгэн адил эрхэмлэдэг.

Монгол Улс ямагт эмэгтэйчүүдээ дээдэлж ирсэн түүхтэй орон. Эмэгтэйчүүд маань Их хааддаа төрийн хэргийн талаар зөвлөж, тэдний дуу хоолой улс төрд жинтэй байсан түүх бий. Түүхийн тухайн цаг үед Зүүн болон Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнод, Европын улс орнуудтай явуулж байсан дипломат үйл ажиллагаанд эмэгтэйчүүд оролцож байсныг түүх гэрчилдэг. Энэ бүхэн нь манай өвөг дээдэс эмэгтэйчүүдийнхээ чадавх болон ур чадварыг дипломат болон стратегийн үйл ажиллагаандаа хөшүүрэг болгон ашиглаж, дипломат харилцаа тогтоох, урт хугацаанд энхийн холбоо тогтооход давуу талтайг хүлээн зөвшөөрч байсны илрэл юм.

Бид жендэрийн тэгш байдлыг хуульчилсан Азийн анхны орнуудын нэг гэдгээрээ бахархдаг. Монгол Улс эмэгтэйчүүдийнхээ сонгох, сонгогдох эрхийг тэртээ 1924 онд баталсан анхны Үндсэн хуульдаа тусгаж, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх, сурч боловсрох, улс төрд оролцох зэрэг иргэний бусад эрхийг хуульчилж өгсөн байдаг.

Эдүгээ УИХ-ын гишүүдийн 17 хувь, Засгийн газрын гишүүдийн 14 хувь нь эмэгтэйчүүд байгаа, аймгийн Засаг даргаар саяхан эмэгтэй хүн анх удаа томилогдсон зэрэг нь удирдлага, шийдвэр гаргах түвшинд  жендэрийн тэгш байдлыг хангах талаар бидэнд цаашид ч хийх зүйл их байгааг гэрчилж байна.

Чухамхүү иймээс бид холбогдох хууль тогтоомждоо өөрчлөлт оруулж, сонгуульд нэр дэвшигчдийн болон төрийн захиргааны байгууллагын шийдвэр гаргах түвшний албан тушаалын жендэрийн квотыг нэмэгдүүлсэн. Сонгуулийн тухай хуульд хамгийн сүүлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын сонгуульд аль нэг хүйсийн нэр дэвшигчид хамгийн багадаа 30 хувиас доошгүй байхаар тогтоож, 2028 оны УИХ-ын сонгуулиас эхлэн эл тоог 40 хувьд хүргэхээр хуульчлаад байна.

Эрхэм хүндэт анд нар аа,

Монгол Улс гадаад бодлогоо феминист гадаад бодлого хэмээн  албан ёсоор тунхаглаагүй хэдий ч эмэгтэйчүүд, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн олон улсын санаачилгуудыг тууштай дэмжиж ирсэн.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Монгол Улсын санаачилгаар эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг сайжруулах тухай тогтоолыг 1976 оноос хойш баталж ирсэн. Хожим эл тогтоолыг хөдөө орон нутагт амьдарч буй эмэгтэйчүүд, охидын асуудалд түлхүү хандуулан чиглүүлсэн юм.

Монголын эмэгтэй дипломатч хатагтай Лувсанданзаны Идэр Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахыг устгах тухай конвенцын төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар 1977 онд томилогдож, улмаар дөрвөн жилийн дараа НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг устгах хорооны анхны даргаар сонгогдон ажиллаж байсан түүхтэй.

Тэр үеэс хойш Монгол Улсын гадаад бодлогод эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь тогтмол өсч байна. 1990 он хүртэл ГХЯ-ны ажилтнуудын 10 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байсан бол өнөөдөр манай ажилтнууд болон удирдах албан тушаалтнуудын тал хувь нь эмэгтэйчүүд байна. Монгол Улсын 31 элчин сайдаас 6 нь эмэгтэй байна.

Хүндэт зочид оо,

Өргөн хүрээг хамарсан статистик дүн шинжилгээнүүд энх тайвны үйл хэрэг дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр урт удаан хугацаанд энх тайван тогтоох  магадлал  мөн нэмэгддэг болохыг нотлон харуулдаг. 1989-2011 оны хооронд байгуулсан 182 энх тайвны гэрээ хэлэлцээрт оролцсон эмэгтэйчүүдийн оролцоонд дүн шинжилгээ хийсэн судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүдийн оролцоо урт хугацаанд хамгийн их эерэг нөлөө үзүүлж ирснийг харах боломжтой. Түүнчлэн эмэгтэйчүүд идэвхтэй хувь нэмрээ оруулсан тохиолдолд талуудын тохиролцоо дор хаяж 15 жил үргэлжлэх магадлал 35 хувиар нэмэгддэг гэсэн тооцоо гарсан байна.

Эмэгтэйчүүд энхийг тогтоох үйлсэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд яриа хэлэлцээнд эмэгтэйчүүдийн оролцоог хангаснаар хүчирхийлэл буурах магадлал 24 хувиар нэмэгддэг аж.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 дугаар тогтоолыг баталснаас хойш олон ахиц дэвшил гарсан хэдий ч энхийг сахиулах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй хэвээр байгааг тэмдэглэх нь зүйтэй юм.

Мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, хямралын эсрэг хариу арга хэмжээ авах, энх тайвныг тогтоохын төлөө эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хийхийн ашиг тусыг онцлон харуулсан баримт нотолгоо олон байдаг. Гэсэн хэдий ч Эмэгтэйчүүд, Энх тайван, Аюулгүй байдлын хөтөлбөрт хангалттай эх үүсвэр, хөрөнгийг хуваарилж чадахгүй байгаа нь сүүлийн 23 жилийн хугацаанд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч ирсэн магадгүй хамгийн ноцтой бөгөөд гол саад тотгор байсан гэж үзэж болох юм. Үүнтэй холбогдуулан Герман улс 2024 онд “Эмэгтэйчүүдийн энх тайван, хүмүүнлэгийн сан”-д 1 сая евро, Франц улс НҮБХХ-ийн “Жендэр, хямралын менежментийн хөтөлбөр”-т 1 сая еврогийн санхүүжилт олгох шийдвэр гаргасныг сайшаан тэмдэглэж байна.

Хүндэт зочид оо,

Эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх нь ёс суртахууны хэмжүүрт шаардлага төдийгүй нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжил дэвшлийн амин чухал хурдасгуур хүчин зүйл юм.

Хүйсийн тэгш байдлыг хангахад чиглэсэн дэвшил нь бид бүгдийн жам ёсны үүрэг бөгөөд үүнд төр засаг, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, хувь хүн бүгд хүчээ нэгтгэн урагш тэмүүлэх шаардлагатай байна. Эмэгтэйчүүдийн бүрэн оролцоог хязгаарлаж буй амьдралын бүхий л талбар дахь саад бэрхшээлийг арилгахын төлөө бид хамтран ажиллах ёстой.

Бид юуны өмнө эмэгтэй хүн, цаашлаад Сайд нарын хувьд хүн бүрийн тэгш боломж, тэгш төлөөлөл, тэгш эрхийг хангахын төлөөх хүсэл зорилгодоо амжилттай хүрэх оюун ухаан, зүрх сэтгэлтэй билээ.

Хайрт ээжүүд, халамжит охид, үнэнч хань, үнэнч эгч дүүсийн хувьд хүч чармайлтаа нэгтгэж, охид эмэгтэйчүүдэд илүү сайхан ертөнцийг цогцлоон бүтээж өгөх нь бидний нийтлэг үүрэг юм. Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжиж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь хэтийн зорилго гэхээсээ илүүтэй өнөөгийн бодит үнэн болсныг нотлон харуулах шаардлагатай.

Охид, эмэгтэйчүүдийнхээ амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт, ахиц дэвшлийг авчрахын төлөө хамтдаа бодитой хүч чармайлт гаргаж ажиллахыг уриалж байна. Хүсэл байвал хүчрээс айхгүй гэдэг. Энэхүү эрхэм зорилгодоо бид заавал хүрэх учиртай.

Өнөөдөр би анд нөхөд Та бүхэнтэй үр бүтээлтэй яриа өрнүүлж, үнэтэй санал солилцож, хэдэн жилээр дурсагдах жаргалтай мөчийг бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна.

Бүгдээрээ нэгэн эх дэлхийгээ мөнхийн амар амгалан, хайраар дүүрэн, аз жаргалтай болгоцгооё.

Баярлалаа