Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ МОЗАМБИК УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САЙДЫН ТУСГАЙ ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ МОЗАМБИК УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САЙДЫН ТУСГАЙ ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Улаанбаатар хотноо 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус уулзалтад оролцож буй Бүгд Найрамдах Мозамбик Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайдын Тусгай төлөөлөгч Элчин сайд Ана Немба Уаине-г хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тусгай төлөөлөгч Элчин сайд Ана Немба Уаине-г Бүгд Найрамдах Мозамбик Улсыг төлөөлөн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад хүрэлцэн ирж, оролцож байгаад талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт гүнзгийрүүлэх сонирхолтой байгааг тэмдэглэв. Чингэхдээ цаашдын хамтын ажиллагааны замын зураглалаа гаргаж дээд, өндөр түвшинд харилцан айлчлал солилцохын төлөө байгааг онцлов.

Элчин сайд Ана Немба Уаине Бүгд Найрамдах Мозамбик Улсын Тусгай төлөөлөгчийн хувиар Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцож байгаадаа баяртай байгаа бөгөөд халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлэв. Тэрээр Бүгд Найрамдах Мозамбик Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд Эрхэмсэг хатагтай Вероника Макамо-гийн мэндчилгээг Сайд Б.Батцэцэгт уламжлаад хоёр улсын харилцааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ бүс нутаг болон олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.