НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима Монгол Улсад 2023 оны 6 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.
НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Фатима айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хоёр талын уулзалт хийж, Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй олон улсын хурал, арга хэмжээнүүдэд оролцов.
Тэрээр айлчлалынхаа үеэр Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачилгаар байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцав.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн Монгол Улсад 2022 онд хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжсэн энэхүү айлчлал нь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын онцлогийг олон улсын хамтын нийгэмлэгт танилцуулж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байв.