Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД РЕТНО Л.П.МАРСУДИ НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД РЕТНО Л.П.МАРСУДИ НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв.

Гадаад харилцааны сайд нарын албан ёсны хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, Монгол, Индонезийн найрсаг харилцааг ирэх он жилүүдэд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, цаашид улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхээр санал нэгдэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэхүү айлчлал нь Индонезийн Гадаад хэргийн сайдын түвшинд 10 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлог болохыг дурдаад Монгол, Индонезийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа онцлон тэмдэглэв.

Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Л.П. Марсуди Монгол Улсад хийж буй анхны айлчлалдаа сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, монголын тал найрсаг, халуун дотно хүлээн авч буйд талархалтай буйгаа илэрхийлэв.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг тэмдэглэв. Мөн АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн Индонез  Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, аялал жуулчлал, соёл, хөдөө аж ахуй зэрэг өргөн хүрээтэй салбарт харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх, бүс нутаг болон олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.

Сайд нар манай хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Гадаад харилцааны яамд хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгтэй санал нэгдээд “Дипломат болон олон улсын харилцааны салбарт хамтран ажиллах тухай яамд хоорондын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Талууд Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 70 орчим жилийн хугацаанд хөгжиж ирсэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхийн сацуу цаашдын чиг хандлагыг тодорхойлов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг индонезийн талтай харилцан ашигтай байдлаар хамтран хэрэгжүүлэхийг санал болгов.

Түүнчлэн монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг индонезийн зах зээлд нийлүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар үр бүтээлтэй санал солилцож, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хэлхээ холбоог тогтоох, бизнес зөвлөлийг байгуулах, ажил хэрэгч уулзалт, форумыг хамтран зохион байгуулахаар тогтов. Айлчлалын хүрээнд Монголын Номин Трейдинг ХХК болон Индонезийн Мадена компани хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав.

Монгол, Индонезийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” зэрэг баримт бичгийг байгуулах, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.

Хоёр тал Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох” жил болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарыг Монгол, Индонезийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын байгууллага, хувийн хэвшил, туроператорууд хоорондын харилцаа холбоог тогтоох чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

 

Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг цаашид ч гүнзгийрүүлэхийн төлөө байгааг нотлов.

Хэлэлцээний үеэр Сайд Б.Батцэцэг Индонез Улс Монгол Улсыг АСЕАН-тай холбох гүүр болж ирсэнд талархал илэрхийлээд АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш орон болох, Зүүн Азийн дээд түвшний уулзалтын оролцогч орон болоход индонезийн талыг үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг санал болгов.

Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди Монгол Улс болон АСЕАН-ы хамтын ажиллагааг дэмжихээ нотлоод 7 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Жакарта хотноо зохион байгуулах АСЕАН-ы бүсийн чуулга уулзалтын “Сайд нарын түвшний уулзалт”-д Сайд Б.Батцэцэгийг оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн талаад олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцоно.